Шинэ терминал байгуулснаар 1800 ажлын байр бий болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн тухай хэлэлцэв. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжүүлэх юм. Энэ төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Ард түмний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл, Баянхошуу дэд төвийг Яармаг дэд төвтэй босоо тэнхлэгээр холбох ногоон өргөн чөлөө бүхий 5.5 км авто зам, замын байгууламжийн төсөл, “Шинэ Улаанбаатар баруун терминал”-ын барилгын төсөл гэсэн үндсэн гурван төслөөс бүрдэж байгаа аж.

Цогцолбор төслийн талаар Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод жил бүр 30 мянга гаруй иргэн шилжин суурьшдаг, мөн хэт төвлөрлөөс шалтгаалан иргэд хот руу олон давтамжтай ирдэгээс авто замын ачаалал ихэссэн. Уг төслийн хүрээнд гурван дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжих нийслэлийн томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн нь 600 орчим га талбайг хамрах юм” гэлээ.

Түүнчлэн  “Драгон” төвийн байршилд шинэ терминал бий болгосноор 1800 ажлын байр бий болж, соёл амралтын үйлчилгээг бий болгох давуу талбай. Мөн нийслэлийн баруун бүсийн 740 мянга гаруй иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бий болж, баруун бүсийн автозамын түгжрэлийг 25 хувиар бууруулж, Сонсголон болон Яармагийн замын ачааллыг бууруулж, одоогийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэх зэрэг чухал нөлөөтэй аж.

Зөвлөлийн гишүүд тус цогцолбор төслийг бусад томоохон төсөлтэй уялдуулан ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, редакцын засвартайгаар баталлаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen