Монголчууд жинхэнэ жагсаал хүсэж байна

Монголчууд жинхэнэ жагсаал хүсэж байна

 

“Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуус, оюутнууд үнийн өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр гурван өдөр жагслаа. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн биеэр гарч ирэхийг шаардсаар үзэл бодлоо илэрхийлж байгаа. Харин 22:00 цагаас хойш тайван жагсагчдын нөхцөл байдал хүндэрч, жагсагчид согтуурч,  замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй иргэд олширсон тул Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замын хөдөлгөөнийг хаасан хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн. Үүний нэгэн жишээ бол жагсаалын үеэр буюу 00:30 цагийн орчимд Төрийн ордны зүүн хаалгаар гарч ирсэн хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн гэх шалтгаанаар жагсаж буй иргэд тухайн хүний согтолтын зэргийг тандагч багажаар үлээлгэж, шалгахыг шаардсан. Улмаар жагсагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж буй цагдаагийн алба хаагчид согтолтын зэргийг тандах багажаар шалгах үед согтууруулах ундаа хэрэглэсэн үеийг илтгэдэг улаан гэрэл ассан учир Сүхбаатарын талбайн ойролцоох замын хөдөлгөөнийг зогсоох нэг шалтгаан болсон юм. Харин тус жагсаалын нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хаягт мэдээлэл хийсэн.

ЖАГСААЛЫН ҮЕЭР ГЭРЭЛ ГАРГАХ, ДЭЛБЭРЭХ ТӨРЛИЙН БОДИС АШИГЛАСАН

         Тэрбээр “Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй хэлж, байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Тэр ч байтугай нийгэмд болж буй аливаа асуудалд эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой. Миний бие  энэхүү жагсаалыг дэмжиж байгаа.  Жагсаалд оролцож буй залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн надад хандаж долоон шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү заалтуудыг Ерөнхий сайдад дамжуулж, ажлын хэсэг байгуулсан. Залуусын тавьж буй шаардлагуудаас дурдвал, 

Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг  хөндсөн. Үүнд маш олон зүйл нөлөөлж буйг ойлгох хэрэгтэй. Зөвхөн манай улсад бус дэлхийн бүх улсад нөлөөлж байгаа юм. Бид энэ асуудалтай холбоотой шийдвэрлэх  боломжуудыг, цаг тухай бүрд цаашид илүү хичээж ажиллах болно. Дараагийн тавьж буй зүйл нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгах. Мөн хүн бүр хуулийн өмнө  тэгш эрхтэй байя. Цэцэрлэгийн хүртээмж зэрэг долоон асуудлыг хөндсөн. Хууль хяналтын байгууллагаас шалгалт хийхэд жагсаалд оролцож буй залуусын зарим нь зөрчил гаргасан. Залуус өөрсдийн үнэт зүйлсээрээ нэгдэж жагсаалд оролцох нь сайн хэдий ч улс төрийн нөлөө бүхий хүмүүс ашиглах вий гэж эмээж байна.  Мөн жагсаалтай холбоотой хууль бус үйлдлүүд илэрсэн. Архи согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн, гэрэл гаргах дэлбэрэх төрлийн бодисыг худалдсан зэрэг зөрчлүүд үүссэн байна” гэсэн юм.

      Харин иргэд олон нийтийн зүгээс тус жагсаалыг идэвхжүүлж, цахим хуудсаараа нөхцөл байдлын талаар болон өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтэлж , өмнөх жагсаалуудаас илүү үр дүнтэй болгохын төлөө нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Зарим нь МАН-ын сөрөг хүчин АН биш залуучууд болсон шүү гэдгийг онцолж байлаа. Гэвч төрийн байгууллагаас иргэдийн жагсаал, цуглааныг хүчээр тараахаар үүрийн 04:00 цагийн үед цагдаа болон төрийн тусгай албаны хамгаалагчид, усаар сүршдэг хуяг болон бусад хэрэгсэл, нэмэгт хүч ашиглан жагсаалыг тараасан аж. Жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон цагдаа нарын шаардлага биелүүлээгүй гэгдэх иргэдийг хүч хэрэглэн баривчилсан. Энэ удаагийн жагсаал нийгэмд маш сануулга өгсөн, том давлагаа байлаа.

 

https://ergelt.mn/news/21/single/20029

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen