“Шахмал түлш хямд байгаа учир утаа ихэссэн” хэмээн ярьсан Д.Ихбаярын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ТАНИЛЦ
Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын утаа 50-60 хувь буурна гэх тооцоолсон байдаг. Гэтэл энэ жилийн утаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20-25 их байна гэж албаны хүмүүс шүүмжилж байгаа. Харин энэ талаар холбогдох албаны дарга нар хүхэрлэг утаа ихэссэн шалтгааныг иргэдийн хэрэглээтэй холбож тайлбарласан байна.
Тухайлбал, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж, уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихсэж, утаа нэмэгдсэн. Тиймээс иргэд хариуцлагатай байж, түлшээ зөв түлэх хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Д.ИХБАЯР ГЭЖ ХЭН БЭ
Дашнямын Ихбаяр 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Өдгөө Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байгаа. Өмнө нь 2008-2009 онд "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн, 2009-2013 онд "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал, 2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга, 2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга, 2016-2018 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн даргаар ажиллаж байжээ.
Д.ИХБАЯР жилийн 391.940 мянган төгрөгийн орлоготой, хоёр орон сууцтай
“Сайжруулсан шахмал түлшний үнэ хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихсэж, утаа нэмэгдсэн” хэмээн ярьсан Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Тэрбээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “391.940 мянган төгрөгийн орлоготой, 492.508 мянган төгрөгийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг оффистой, 147.660 мянган төгрөгийн 75 үхэр, 90 хонь, 60 адуу, 19 ямаатай, 75 сая төгрөгийн эзэмшил газартай, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 179 сая төгрөгийн авлагатай, авто зогсоолтой гэжээ.
https://ergelt.mn/news/123/single/17071