Япончууд өтгөс буурлуудыг ууланд аваачиж орхих уламжлалаа хэрхэн халсан тухай домог
Япончууд эрт дээр үед нас дээр гарч, хөдөлмөрлөх чадалгүй болсон хүмүүсээ уулан дээр гаргаж хаядаг "убасутэ яма" хэмээх уламжлалтай байсан гэж үздэг. Сүүлийн жилүүдэд тус орны төрөлтийн хэмжээ буурч, өндөр настнуудын тоо тогтмол нэмэгдсээр байгаа учраас тус уламжлал арай өөр хэлбэрээр эргэн ирэх магадлал өндөр болоод байна.
"Убасутэ яма" гэдгийг орчуулбал шууд утгаараа "эмгэнийг ууланд орхих" ("уба"-эмгэн, "сутэ"-хаях, "яма"-уул) гэсэн утгыг илэрхийлдэг.
Түүхэн баримтуудыг судалж үзвэл өндөр настай хүмүүсээ ингэдэг байсан гэдгийг батлах нэг ч нотолгоо байхгүй юм. Гэхдээ "овоо босгоогүй бол..." гэдгээр үүнтэй төстэй явдал өмнө нь болж байсан учраас домог болж үлдсэн байх магадлалтай.
"Убасутэ яма"-ийн домгийг нутаг нутагт өөрөөр ярьдаг ч (жишээ нь нэг бол эмээ эсвэл өвөөг авч явдаг г.м) ерөнхий үйл явдал нь ижил байдаг аж.
Энэ үүднээс тус домгийн хамгийн түгээмэл хувилбарыг хүргэхээр бэлтгэлээ:
"Эрт урьдын цагт Японы нэгэн нутгийн ноён 60-аас дээш настай хүмүүсийг ууланд гаргаж хаях зарлиг гаргажээ. Тэрхүү уул нь бүр "Убасутэ яма" гэдэг нэртэй байсан гэнэ.
Тэдний нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн учраас ноён нь цаашид хэрэг болохгүй гэж үзсэн хүмүүсээ цөөлөн, хүнсээ хэмнэх арга сэдсэн нь энэ аж. Гэвч өлсгөлөн дууссан ч энэхүү зарлигаа цуцлаагүй бөгөөд зөрчсөн хүмүүс хүнд шийтгэл амсдаг байв.
Яг энэ үед нэгэн эр 60 нас хүрчээ. Түүний хүү, ач хүү хоёр нь өвөөгөө сагсанд хийж үүрээд өнөөх аймшигт уулыг зүглэхээр болов.
Уулын ой нь дэндүү шигүү ургаснаас болоод өдрийн цагаар хүртэл харанхуйлдаг тул тэнд төөрөх нь маш амархан аж.
Гэтэл үүрүүлж явсан өвөө нь замд таарсан модны мөчрүүдийг хугалаад байгааг ач хүү нь анзаарчээ.
Ингээд ач нь:
- Өвөө та тосгонд буцаж хүрэх замаа тэмдэглэж байгаа юм уу? Хэрвээ тэгвэл ноён биднийг шийтгэнэ шүү дээ гэв.
Тэгтэл өвөө нь толгойгоо сэгсэрч:
- Үгүй дээ. Та нарыг л төөрчих вий гэж ингэж байна гэж хариулав.
Үүнийг сонссон хүү, ач хүү хоёр нулимс дуслуулан уучлал гуйсанд өвгөн:
- Зүгээр дээ, түргэхэн шиг уулын орой дээр гарч намайг үлдээгээд харанхуй болохоос өмнө бууцгаа хэмээв.
Харин хүү нь эцэст нь эцгээ үлдээхгүй байхаар шийдэж, хамтдаа уулнаас буугаад зогсохгүй өвгөнийг гэрийнхээ арын өрөөнд нуужээ.
Үүнээс хэдэн жилийн дараа зэргэлдээ нутгийн ноён хөрш нутгаа эзлэхээр шийдсэн учраас элч илгээж, хүн ардыг нь шинжихээр болжээ. Ингэхдээ тэрээр нутгийн энгийн иргэдээр таавар таалгаж ухааныг нь шалгав.
Тэрхүү таавар нь нэлээд хүнд учраас зөв хариулбал энэ нутгийн хүмүүс хэнд ч дийлдэхээргүй ухаантай болохыг илтгэх аж.
Элч ийнхүү хөрш нутагт ирмэгцээ олон хүн цуглуулаад, өмнө нь яг усны дусал шиг адилхан хоёр могой гаргаж ирээд аль нь эр, аль нь эм болохыг таа хэмээв.
Харамсалтай нь тэрхүү тааврыг тааж чадах хүн гарч ирсэнгүй. Тэгтэл өнөөх амьд үлдсэн өвгөний ач хүү урагш гарч ирээд:
- Би аль нь эр, аль эм болохыг мэднэ. Татами хулдаасан дээр хөвөн цацаад дээрээс нь могойнуудаа тавих хэрэгтэй. Хөвөн дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа нь эм харин өөрийн эрхгүй мушгиралдаж байгаа нь эр гэжээ.
- Наадах чинь үнэн үү? гэж элч асуух үед хүү:
-Тийм ээ, би өвөөгөөсөө сонссон юм гэж хариулав.
Хүүгийн хариулт үнэн байсан учраас элч нар түүний ухааныг магтаад нутаг буцах болжээ. Ийнхүү зэргэлдээх нутгийн ноён энгийн ард нь хүртэл эгнэшгүй ухаантай "хүчирхэг" хөрш рүүгээ дайрахгүй байхаар шийдэв.
Үүний хажуугаар цэрэг зэвсгээр илүү дайсантай тулалдах шаардлагагүй болсон нутгийн ноён ч хагартлаа баярлаж мэргэн хүүг шагнахаар болжээ.
- Чи төрөлх нутгаа дайснаас хамгаалж чадсан учраас юу хүссэнээ хэл, би түүнийг чинь биелүүлж өгье гэсэнд хүү:
- Би юу ч хамаагүй асууж болох хэрэг үү гэв.
Ноён толгой дохисонд хүү:
-Би настай хүмүүсээ ууланд гаргаж хаядаг ёсыг халмаар байна гэж хүү хэлэв.
Ноён үүнд гайхширч, яагаад ийм зүйл хүсэх болсныг асуусанд,
-Миний өвөө тааврын хариултыг хэлсэн юм гэж үнэнээ хүлээжээ.
-Өвөө чинь энэ тухай их эрт хэлсэн байх нь. Чи аавтайгаа цуг аль эрт өвөөгөө ууланд хаясан гээ биз дээ гэж ноён хэлтэл хүү,
-Үгүй дээ саяхан би энэ тухай мэдсэн хэмээв.
Бүх учрыг ойлгосон ноён:
- За тэгвэл би чиний хүсэлтийг хүлээж авлаа. Өнөөдрөөс эхлээд манай иргэд хөгшдөө чөлөөтэй асарч байг гэж зарлав.
Ийнхүү тус нутаг хөгшдөд ээлтэй гэдгээрээ нэр гарсан аж. Үүнээс хойш Япон даяар дахиж хэн ч нас өндөр гарсан хүмүүсээ ууланд гаргаж хаяагүй гэнэ. "