С.Одонтуяа: Монгол, Оросын худалдаанд тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах нь чухал

 

С.Одонтуяа: Монгол, Оросын худалдаанд тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах нь чухал

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор энэ сарын 02-05-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг форумд оролцож буй ОХУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөллийг Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож буй цаг мөчид хоёр орны сэтгүүлчид нэг дор чуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа Монгол, Оросын сэтгүүлчдийн форумыг өмнө нь 1988 онд Хөвсгөл аймагт, 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар сүүлийн хоёр удаагийн форумыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жилийн форумд ОХУ-аас 20 гаруй төлөөлөгч, үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн. Монгол Оросын хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд мэдээ мэдээллийн шууд солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал хүчин зүйл юм. Хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ойртуулан хөгжүүлэх нь форумын зорилго оршиж байгааг танилцуулав.
Сэтгүүлчид УИХ-ын дэд даргаас хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах санаачилга болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авлаа.
Энэ удаагийн парламентад Монгол-Буриадын парламентын бүлгийг байгуулан ажиллаж байгаа. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд иргэд хоорондын болон соёл, боловсролын салбарын харилцаа хамгийн чухал. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн хөдөлмөрлөсний дүнд баялаг арвин агуулгатай, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн. Монгол Улсын Их Хурлаас хоёр орны найрамдалт харилцааг шинэ зуунд шинэ шатанд гаргахын төлөө ажиллана. Монгол-Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр улсын ард иргэдийг ойртуулах, уламжлалт харилцааг шинэ зуунд үргэлжлүүлэх хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцлов.

 

Мөн хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт импортын балансыг тэнцвэржүүлэх анхаарч ажиллана. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд асар их боломж, нөөц байгаа ч бүрэн ашиглаж чадахгүй байна. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 68 гаруй сая ам.доллар болж, манай худалдааны баланс алдагдалтай байгаа. Үүнийг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна. Ингэхдээ Евразийн эдийн засгийн холбоогоор дамжуулан тодорхой ажил хийхээр төлөвлөсөн гэж хариулав.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, тус эвлэлийн гүйцэтгэх захирал Э.Болортулга болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen