Ард түмэн тэнэг биш, улстөрчид өө

Ингэж хэлмээр, бухимдмаар зүйл сүүлийн өдрүүдэд олон гарч байна. Монголчууд дөрвөн жилд нэг удаа төрийн эрх барих Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлдэг. Гэвч энэхүү сонголтод нь нөлөөлөх гэсэн явуургүй арга, арчаагаа алдсан үйлдлийг гишүүний суудал горилсон нэр дэвшигчид удаа дараа гаргадаг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

 


 

Уг нь энэ эрхээ монгол түмэн хэний ч оролцоогүй эдлэх оюуны сэтгэхүйтэй, ухаантай. Харамсалтай нь горилогчид дундуур нь орж ирээд элдвийн алиа марзан эвлүүлэг, зураг бичлэг, өрсөлдөгчөө унагах гэсэн явуургүй хар пиар, нэр дэвшигчийн зураг самбарыг урж устгаж тэнэглэх аж. Хууль чанга биш байхад ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах гэж улайрдаг байлаа, тэд. Өнөөдөр харин хууль чангарсан учраас самбар урж, эвлүүлэг хийж, хийсэн ажлыг харлуулж л чадаж байгаа юм.


 
Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр улс төрийн хүчин, улстөрчид сонгуулийн хар пиартай бидний хүүхэд ахуй, залуу зандан насандаа үзэж бахархаж байсан хуучны сайхан кино, жүжгийг ашиглах болов. Түүнийг нь хошин шогийн хэдэн хамтлаг, продакшны "халтар” жүжигчид амилуулах гэж тамлах нь эмгэнэлтэй. Монгол залуусын сэтгэхүй ухамсар ингэтлээ шинэ зүйлийг сэтгэж чадахгүй болтлоо дампуурсан бололтой юм.


Тэр тусмаа хошин шогийнхон. Өмнөх сонгуулиар бид Цогоо гуай гэх "Шинэ үсгийн багш” киноны хэсгийг ханатлаа үзсэн, уйдсан. Өнөө жил ч тэр сурталчилгаа давтагдсаар. Дөрвөн жил өнгөрчихөөд байхад намууд, тэнд ажиллаж буй пиарчид түүнээс илүүг сэтгэж чадаагүй сууж байх юм. Бүтэн хоёр жил Аглуу, Бархүү хоёрын атаархлыг байгууллагуудын сурталчилгаа бүрээс харж ханасан. Өнөө жил ч сонгуулиар нам бүрийн сурталчилгаанаас харав.


 
Өнөөх л Амараа учир утгагүй уурлаж, Аглуу, Бооёо хоёр маазарч буй нийтлэг төрх харагдлаа. Хүний сэтгэхүй минут, секундээр мэдлэг мэдээллийн эрин зуунд шинэчлэгдэж байхад манай залуус, хошин шогийн хамтлагууд шинийг сэдэж, санаачилж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Өмнөхтэйгээ, өнгөрсөн үетэйгээ өнөөдрийг хүртэл зууралдсаар. Хуучны хэдэн уран бүтээлийг сэглэж л тэд хоолоо олж идэж байгааг худлаа гэж хэлэхгүй л байх. Уран бүтээлчийн оюуны өмчийн хулгай ч энд хэрээс хэтэрч буйг нуугаад яахав. Эс бөгөөс гадны уран бүтээл, гадны пиар дуурайж л улстөрчдийнхөө имижийг бүрдүүлэх нь ичгэвтэр.


 
Одоогоос таван жилийн өмнөх монголчуудын сэтгэхүй, өнөөдрийн монголчуудын аливаад хандах хандлага өөрчлөгдсөн гэдгийг тэд яагаад мэдэхгүй байна вэ. Эс бөгөөс мэдсэн ч биднийг санаатай доромжлоод байгаа хэрэг үү. Яаж ч ядарсан байлаа гээд Аглуу, Бооёо хоёрын маазралыг дагаж намирахдаа бид хүрээгүй байна. Ард түмэн ядуу байлаа ч атаархуу Аглуу, Бархүү хоёроос шалтгаалж сонголтоо өөрчлөхгүй нь тодорхой.


 
Шинэ үеийн залуусын сонголт Хүрлээ, Цогоо гуай хоёроос шалтгаалахгүй болжээ, улстөрчид өө. Үүнийг намууд ч тэр хошин шогийн хэдэн жүжигчид ч тэр ойлгох ёстойсон. Хар муухайгаар хэлбэл, тэд халтуур хийж мөнгө олж буй хүмүүс. Гэвч нийгмийг сэхээрүүлж, гэгээрүүлэх өнөөх үүрэг чинь хэний халаасанд гээгдэж хоцроо вэ хэмээн эрхгүй асуумаар санагдлаа. Хошин урлагийн хэдэн жүжигчдээр арга ядсан сурталчилгаа хийлгэж өрсөлдөхийн оронд бодлого, хөгжлийн тухай яриагаар өрсөлдөөч, намууд аа.


 
Улс орны хэмжээний асуудал ярьж, улсынхаа хөгжил дэвшлийн талаар өрсөлдвөл зүгээрсэн. Өнөө маргаашийн явган хар пиар, авгай хүүхний явуургүй хэрүүлээр төрийг жолоодно гэвэл эндүүрч. Ард түмэн тэнэг биш. Хэн нь тэднийг доромжилж, хэн нь жинхэнээр хөгжил дэвшил рүү удирдах гээд байгааг ялгаж салгахтайгаа болсон. Тиймээс иймэрхүү арга ядсан сурталчилгаа, арчаагүй өрсөлдөөн, хуучны хэдэн киног сэглэж орхисон хөгийн суртачилгаагаа одоо больж үз.


 
Шинийг сэтгэж, шинээр өрсөлдөөч намын пиарчид аа. Эвлүүлэг, элдвийн марзан зүйлд итгэдэг гэнэн монголчууд одоо тун цөөрсөн. Хошин шогийнхон ч гэсэн арай шинэ зүйлийг сэтгэж, шинээр бодож сур. Эс тэгвээс хүүхэд нохойн доог болж, нэр хүндээ нэгмөсөн алдаж гүйцлээ, та бүхэн. 
 

Эх сурвалж. mminfo.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen