Ах дүү гурван партизаны мартах учиргүй нэгэн түүх
Өнгөрсөн нийгмийн 70-аад жилд Монголын түүхийг үзэл суртлын зорилгоор хянан засварласан, зарим түүхийг хойноос зохиосон давс мэт шорвог ч амтлах ёстой үнэнийг мэдсээр гучаад жил өнгөрч, Ардын журамт цэргийн 100 жилтэй золгож байна. Гэвч зарим талаар Ардын журамт цэргийн түүх судлал дахь анхны дүгнэлтүүд хөдөлбөргүй үнэнийг нэгэнт олж тогтоосных уу, эсвэл хуурмаг үзэгдэл үү? Яг тогтоочихсон маргаангүй зүйл үү гэдэг нь ярвигтай хэвээрээ байна.
Ардын журамт цэргийн анхны түүхэн ялалт болсон Хиагтыг чөлөөлөх тулаанд орос цэргүүд оролцсон эсэх, монгол цэргийн хүч яг хэд байсныг ч бүрэн дүүрэн тогтоолгүй өдий хүрчээ.
Буурал түүхийн жимээр бүдэрч, бэдэрч явахад Ардын журамт цэргийн адармаатай, ээдрээтэй яриа сэлтийг шүүрдэхүйд эргэлзээтэй, илүү ихээр судлууштай, басхүү алдаршуулмаар эгэл хэр нь өнөөгийн биднээс хайгаад ч олдохгүй эр зориг, эх оронч, харийн мэдлээс гарч тусгаар тогтнох чинь хүсэлд нийтээр автсан байхуйд бахдам нэгэн гэр бүлийн оролцоогоор бүдгэрч, баларсан их түүхийн нэгээхэн хэсгийн энд өгүүлэхийг хичээв.
ЭЦГИЙН ӨМНӨӨС МОРДОХУЙ
Жамаа гэлэн гэж нутагтаа алдаршсан тэрээр Сайн ноён хан аймгийн Жанжин түшээ гүнгийн хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн билээ. Гэлэн сахилтай тэрээр хар болоод хилийн харуулахаар ажиллах болсон байна. Жамаа таван хүү, нэг охинтой бөгөөд ардын хувьсгалын үед жаран нас илүү гарчээ.
Энэ үесийн нийгмийн байр байдлыг авч үзвэл гамин цэргийн ноёрхол, цагаантнуудын дээрэм газар авчээ. Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг Орос, Хятад өөрсдөдөө харилцан ашигтайгаар устгав. Орост хувьсгал гарсны дараа Дундад иргэн улс большевикуудын аюулаас хамгаалах нэрийн дор 1918 оны есдүгээр сараас их хэмжээний цэрэг Монголд оруулж, Монголын зарим ноёдын зүгээс Дундад улсад дагаар орох санал хүртэл гарч, эцэст нь Аньфугийн бүлгийн Сюй Шүжан Монголын автономит эрхийг хүчээр устгажээ. Хүрээнд Да лам Пунцагдорж тэргүүтэй “Ноёдын”, С.Данзан тэргүүтэй “Түшмэдийн”, Д.Бодоо тэргүүтэй “Ардын” гэсэн гурван бүлэглэл бий болов. Тэд Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх арга зам эрэлхийлж байжээ.
1921 оны нэгдүгээр сарын 18, 23-нд болсон зөвлөгөөнөөр Түшээт хан аймгийн Эрдэнэ ван, Сумъяа бэйсийн хошууд, Хиагт, зүүн гурван харуулаас цэрэг элсүүлэхээр тогтон Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Л.Дэмбэрэл, Н.Билэгсайхан нар уг ажлыг тэргүүлэн гүйцэтгэснээр цэрэгт элсэгчдийн тоо гуравдугаар сарын эхээр 400-д хүрчээ. Гуравдугаар сарын 10-нд цэргийг 4 хороо болгон даргад Б.Пунцаг, О.Цэрэндорж, Ц.Хасбаатар, Ч.Базарсадыг, “Суртлыг номлогч”-ийн тушаалд Х.Чойбалсан, Ц.Дамбадоржийг томилжээ. Харин гуравдугаар сарын 12-нд дэд жанжинд бэйс Сумъяаг томилж, цэргийг “Ардын журамт цэрэг” хэмээн нэрлэх бөгөөд энэхүү цэрэгт Жамааг татахаар ирэх юм.
Сайн ноён хан аймгийн Жанжин түшээ гүнгийн хошуунд Ардын журамт цэргийн хороон дарга Б.Пунцаг ирснээр “Дух Нарсанд байгаа цагааны дээрэмчдийг арилгахад туслахаар цэрэгт элсэх ёстой” гэж ухуулж байв. Хүн хүчээр дутмаг байсан журамт цэрэг хөгшин хөвөө гэлтгүй элсүүлэхийг хичээн зорих юм. Тиймээс ч нэг л өглөө Жамааг цэрэгт авч явахаар элч ирэв. Жар гарчихсан өндөр настай хүн байх тул “Эцгийнхээ өмнөөс би явъя” гэж гурав дахь хүү нь болох Зэнэмидэр эцгийнхээ бууг үүрч, өөрийн морийг унаад цэрэгт морджээ.
Ардын журамт цэрэг дахиад түүний хоёр ч хүүг татаж, тэр хойгуур үлдэж хоцорсон хөгшин эцгийг нь цагаантнууд тамлан зовоох болно.
АХЫН АРААС ЯВААД АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГТ...
Жамаагийн дөрөв дэх хүү Рагчаа Хиагт, нийслэл Хүрээ хоёрын хооронд өртөөний албыг 11 жил хашаад байв. Тийм тул нутаг ус, газар орноо сайн мэддэг нэгэн билээ. Тиймээс ч үхэр тэрэгний улаа нэхэж Б.Пунцаг жанжны цэргийн ангид буу, сум, цэргийн хувцас хунар хүргэж очжээ. Нэг сумаар хоёр туулай буудах гэсэн Рагчаа ахтайгаа уулзан аавын захиасыг хүргэхээр очсон ч цэрэгт элсэхийг санал болгоход дуртай зөвшөөрчээ. Тэрээр багаас эцэг, ах нараа даган ан, гөрөө эргүүлсэн болохоор шаггүй буудаж сурсан нэгэн.
“Би 24 настай байсан юм. Биднийг цэрэгт элсүүлээд орос винтов буу, 300 сумтай олгов. Мөн би үхэр тэрэг тууж ирсэн учир өөрийн унаагүй байв. Манай анги 150 орчим болов уу, монгол, орос, цахар, буриад цэргүүд болсон юм. Тэндээс удсангүй 3-4 хоноод Дух нарсанд цагаантантай тулалдахаар болов. Шөнө цагаантныг бүслээд үүрээр буудалцаж эхлэн нэлээд хэд хоносон юм. Цагаантан ихээхэн цохиулж зарим нь зугтсан билээ” гэж тэрээр өгүүлж байсан нь “Ардын хувьсгалын партизануудын намтар” номд үлджээ. Түүний ярианд нэгэн сонирхолтой баримт үлдсэн нь хятадын пүүсүүдийг цагаантнууд тоносон явдал. Дух Нарсанд Ардын журамт цэрэг очиж цагаантнуудтай байлдахаас өмнө буюу өнгөрөгч өвөл нь тэнд байрлах Хятадын пүүсүүдийг цагаантнууд талан дээрэмдэж одсон байжээ. Энэхүү баримтыг цаашид судлах зайлшгүй шаардлагатай бөгөөд Манжийн дарангуйллыг эсэргүүцсэн сайн эрс хятад пүүсийн өрийн дансыг шатаасан гэдгээс өөр баларч бүдгэрсэн үнэн тайлбар гарч ирж болзошгүй юм.
Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины “Үймээний жилүүд” түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ.
Үүнийг батлах мэт Фердинад Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номын орчуулагч Ж.Нэргүй “Гаминг хөөсөн Бароныг зайлуулах гэж орж ирсэн улаан Армийн цэргүүдийг монгол цэрэг болгож харагдуулах гэсэндээ орж ирэх зам дээр нь хэдэн зуун монгол дээл аваачиж хаясан байдаг юм шүү дээ. Тэр үед чинь бас дипломат ёсыг олон улсын хэм хэмжээнд сахидаг байсан цаг. Гаминг Бароноор хөөлгүүлчихээд, Бароныгоо дараа нь улаан цэргүүдээр хөөлгүүлдэг нь яах аргагүй монгол шатар л даа” гэж ам алдсан нь бий.
Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд монгол цэргээс цөөн, эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Нөгөөтэйгүүр үүнийг тулаанд оролцсон партизанууд мэдэх боловч үзэл сурталжсан өмнөх түүх бичлэгийн үед түүнийг нь нууж байсныг үгүйсгэхгүй. Хиагтыг орхин гарахын өмнө хятадууд хэдэн зуун орос эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг олон тооны орос иргэдийг хядсан явдал төдийлөн анхааралд өртөлгүй орxигдсон гэж “Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл” номд дурджээ.
ГУРАВ ДАХЬ ХҮҮГЭЭ ХАРАМЛАСАНГҮЙ
Энд өгүүлэгч Жамаагийн отгон хүү Ойдов мөн л ах нарынхаа араас цэрэгт сайн дураараа дайчлагджээ. Тэрээр мөн Пунцаг жанжны цэрэгт татагдан байлдаж яваад Улиастайг чөлөөлсний дараа халагджээ.
Хөвгүүд нь цэрэгт татагдсаны дараа Жамааг цагаантнууд зүгээр орхисонгүй. Түүнийг барьж яргалан, тамлан зовоож байсан агаад энэ тухайгаа Рагчаа хүүдээ “Би арай нуруун дээрээ гал түлүүлсэнгүй, нугасан дээрээ хутга тавиулсангүй гарч ирсэн билээ” гэж өгүүлсэн нь “Ардын хувьсгалын партизануудын намтар”-т үлджээ.
Ийнхүү өвгөн эцгийнхээ өмнөөс анхлан цэрэгт явсан Зэнэмидэрийн араас дүү Рагчаа, Ойдов нар нь татагдаж Ардын журамт цэрэгт нэг гэр бүлээс гурван партизан төрсөн төдийгүй үүнийхээ төлөө өвгөн эцэг нь тамлуулан зовжээ.
Тэд Дух нарс, Хавтгай харуул, Баянголд болсон тулалдаануудад оролцож явсан төдийгүй Зэнэмидэр, Рагчаа хоёр тагнуулын отрядад манлайлж явсан, баруун хязгаарыг тохинуулах цэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж явсан улс.
Вандановоос хурааж авсан зэр зэвсэг, эд хогшлыг нийслэл хүрээнд авчирч явсан Зэнэмидэрийн түүх, тагнуул хийж яваад Чигэжийн харуулын хавьд гуяараа буудуулан шархадсан Рагчаагийн дурсамж, ах нартайгаа хамт баруун хязгаарыг тохинуулах тулалдаанд оролцож яваад хожим Ховдод цэргийн албаа дуусгасан Ойдовын намтар зэрэг гуйвашгүй баримтууд үлдсэн байдаг.
Мөн тэдний том ах Жамаагийн Дэнзэн ч ардын хувьсгалын үйл хэрэгт тууштай оролцож явсан баримт бий. Дэнзэн өөрийн хүргэн дүү болох Ваанчиг тайж, партизан Ж.Дамдингийн хамт Ардын журамт цэргийн хүнсэнд зориулж 200 шар үхэр цуглуулах ажилд гар бие оролцож явжээ.
Нэгэн гэр бүлийн гурван хүү ардын журамт цэрэгт элссэн, аав, ах нар нь ч энэ үйлсэд хүчин зүтгэж байсан түүх ийм ажээ.
Тэд эх орныхоо төлөө өөрсдийн амь нас үл хайрлан зүтгэснээс бус коммунизм гээчийг байгуулахыг зорьсонгүй явлаа хэмээн амьд сэрүүндээ үр хүүхдүүдээ ярьж байснаас үзвэл бид энэхүү мартагдах шахсан түүхийг үнэн бодитоор мандуулах үүднээс судалгаа хийх нь зайлшгүй буй за. Ардын журамт цэрэгт анхлан дайчлагдсан 400 орчим цэргийн гурав нь нэг гэр бүлийнх байсан төдийгүй гурвын гурван хүүгээ явуулсан эцэг нь хэрхэн тамлуулж байсныг цухасхан дурдахад ийм аж. Иймийн тулд бид түүхээ судалж, энэ мэт баатруудаа тодруулан мөнхжүүлэх учиртай билээ.
100 жилийн ойг нь тэмдэглэн буй Ардын журамт цэргийн бодит түүхээс дурдахад ийм байна. Яаж бид тэднийг мартаж чадах билээ.
Т.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин