У.Хүрэлсүх: Булган аймгийнхны санаачилсан шинэ хөдөө хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

У.Хүрэлсүх: Булган аймгийнхны санаачилсан шинэ хөдөө хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

 

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Булган аймаг бол улсдаа газар тариалангаараа 3, мал аж ахуйн үзүүлэлтээрээ 5, хүн амын индексээрээ 7 дугаарт орж байна. Ууган гавьяаны өлгий нутгаас 43 анхдагч төрөн гарсан байна. Ард түмнийхээ итгэл, сэтгэлийг хүлээж Ерөнхийлөгч болвол таван зүйлд анхаарч ажиллаж, эхлүүлсэн томоохон төслүүдээ дуусгана. Бид нефтийн үйлдвэртэй, эрчим хүчний станцтай, хөгжил дэвшлийн төмөр судас болсон төмөр замтай, төрийн үйлчилгээг цахимжуулсан цахим Монгол Улс болоход онцгойлон анхаарч ажиллана. Ковид цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа хурдтай сэргээх Засгийн газрын хөтөлбөрийг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллана. Ард түмнээ бүрэн вакцинжуулж, дархлаажуулах “Ковидгүй Монгол” санаачилгыг дэвшүүлэн, манлайлж ажиллана. Мөрийн хөтөлбөрт Булган нутгийнхны санаачлан эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа “Шинэ хөдөө” хөтөлбөрийг улс, орон даяар хэрэгжүүлэхээр тусгасан.
Шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Хувь хүн бус хууль засагладаг шударга ардчилсан засаглалыг бэхжүүлэх сонгодог парламент бий болох ёстой. Хулгайн замаар алдагдсан орд баялаг, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэд бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлого тодорхойлж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.
Эв эвдэх бус нэгдэх зарчмыг хэрэгжүүлнэ. Төрдөө итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх, УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өсгөх, гадаад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлүүдийг чухалчилсан. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайн өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллах болно.
Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана” гэлээ.
Булган аймгийн иргэдийн хувьд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт хот, хөдөөгийн хөгжилд анхаарсан олон бүтээн байгуулалт тусгасан учраас дэмжиж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа орд газруудын тусгай зөвшөөрлийг цуцалж, иргэдэд байгалийн хишгийг хүртээж байгаа нь цаашид эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах хүн гэж үзэн, итгэж байгаагаа хэлсэн. Мөн малчид, Засгийн газраас олгож байгаа малчдын гурван хувийн хүүтэй зээл цагаа олсон, малчин иргэдээ дэмжсэн зөв шийдвэр болсон гэдгийг онцолсон юм.
У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Буянт малын үр шим” заалтын хүрээнд малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
“Эрчимжсэн газар тариалан” заалтад газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлсэн, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атрын IV” аяныг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. “Төрөлжсөн аялал жуулчлал”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх уламжлал, унаган байгальд түшиглэсэн төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний хөгжлийн бие даасан тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.
 Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen