Х.Баттулга, Б.Буяндэлгэр, Ш.Цогтоо гурвыг яагаад Үндсэн хуулийн Цэцийн “тамын гурвалжин” гэв ээ?
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд хоёр ч удаа зочилсон. Харамсалтай нь урьд өмнө Монгол Улсын ямар ч Ерөнхийлөгч өөртэйгээ холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцийг ингэж довтолж байсангүй.
Харин Үндсэн хуулийн Цэц хүсвэл Ерөнхийлөгчийг, ер нь хэнийг ч дууддаг. Үндсэн хуульт засаглалтай энэ ертөнцийн бүх улсад ингэдэг. Ийм номтой.
Гэтэл Ерөнхийлөгч довтолж, үүнд нь дэм болсон Цэцийн хоёр гишүүн, энэ гурав нийлээд модон байшин барьдаг нөхдүүдийн ярьдгаар Үндсэн хуулийн Цэцэд “тамын гурвалжин” үүсгээд байна.
Дүнзэн байшингийн мансардад цонх бүхий гурвалжин хэсэг байдаг. Харахад хачин гоё. Барихад маш хэцүү. Түүн лүгээ Ерөнхийлөгч, бас Цэцийн гишүүдийн энэ гурвалжийн Үндсэн хуулийн Цэцэд хүндрэл үүсгээд байгаа юм.
Яасан ийсэн гэвэл, “...Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн” гэх нэр бүхий иргэдийн гомдол Үндсэн хуулийн Цэцэд очсон. Цэцийн гишүүн Д.Солонго уг асуудлаар маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн.
Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Д.Солонгын энэ энэ шийдвэрийг эс зөвшөөрч, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу санал гаргасан гэх бөгөөд уг асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэж Цэцийн гишүүн Ш.Цогтоод хуваарилсан байна. Ийм явдал Үндсэн хуулийн Цэцийн түүхэнд анх удаа болж буй ажээ. Ш.Цогтоо бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг. Ш.Цогтоогийн хүүхэд Солонгост консулаар томилогдсон. Тэнд төрөл бүрийн хурал, уулзалтад оролцож Ерөнхийлөгч болон улс төрийн намын өмнөөс улстөржсөн мэдэгдэл хийгээд сууж байдаг хзн бий. Тамгын газрын дарга Ө.Шижиртэй сайн харилцаатай.
Угтаа Б.Буяндэлгэр дээрх саналыг гаргаснаараа Үндсэн хуулиа зөрччихөж байгаа юм. Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2-т “...Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж заажээ. Үндсэн хуульд ийнхүү заасан байгаа нь Б.Буяндэлгэр гишүүн зөвхөн Үндсэн хуульд л захирагдах ёстойг салаа утгагүйгээр хэлж байгаа хэрэг юм. Шууд утгаараа Б.Буяндэлгэр санал гаргах эрхтэй мэт органик хууль дээр заасан ч гагцхүү түүнээс илүү хүчин чадалтай Үндсэн хуульдаа захирагдаж бусад гишүүнийхээ хараат бус байдалд халдахгүй байх үүрэгтэй юм.
Гэтэл тэрээр хуулийн дагуу мэдээлэл хүлээн аваад маргаан үүсгэсэн адил тэнцүү эрхтэй өөр нэг гишүүн болох Д.Солонгын хараат бус байдалд гагцхүү Үндсэн хуульдаа захирагдалгүйгээр “бүдүүлгээр” халдав. Энэ бол уучлал гуйгаад юм уу, бөөрөнхийлж хамгаалаад өнгөрөх асуудал биш юм. Цэцийн гишүүд, УИХ-ын гишүүд анхаарах ёстой маш ноцтой асуудал мөн. Бас энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
Одоо хэн нэгэн иргэн мэдээлэл бичихэд л Б.Буяндэлгэр шууд огцрох “хэрэг”-ийг үйлдчихсэн гэсэн үг. Өөр арга байхгүй. Нөгөө талаас Б.Буяндэлгэр өөрөө ч хараат бус байх зарчмаасаа ухарсан.
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэц дээр очиж, Цэцийн даргаг байг байн номхон зогсоов. Ц.Нанзаддоржоос эхлээд бүх гишүүнтэй уулзсан гэдэг мэдээлэл бий. Үүнд Б.Буяндэлгэр ч багтана.
Ш.Цогтоогийнхтой адилхан “нээнтэг” Б.Буяндэлгэрт ч бий. Б.Буяндэлгэр нь Шанхай хотын Фуданы их сургуульд суралцаж ирсэн гэдгийг түүний охин “нүүр ном”-доо бичсэн байдаг. Түүний охин Б.Болор 2019 оны намар шууд ЕТГ-т судлаачийн ажилд орсон. Охин нь удалгүй Ш.Цогтоогийн охины нэгэн адил гадаадад томилогдох магадлалтай гэж яригдах болсон.
Ийнхүү Ерөнхийлөгч болоод ЕТГ-тай хувийн амьдралын хувьд шууд холбоотой, нөлөөнд нь автах магадлалтай, үүгээрээ Цэцийн гишүүний хараат бус байдлаа алдсан гэгдэж буй ийм нэгэн эрхмүүд Цэцэд байна гэсэн үг.
Нэмээд тодруулъя л даа. Үндсэн хуулийн Цэцийн түүхэн дэх анхны саналыг гаргасан Батсүхийн Буяндэлгэр нь Дорнод аймгийн харъяат бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны тавйдугаар сарын 18-ны өдрийн зарлигаар нэр дэвшиж, мөн сарын 24-ний өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон. Түүнийг Цэцийн гишүүн болсны дараахан, ХЗДХЯ-наас Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, магистр Х.Номингэрэл нарын хуульчдад захиалга өгөн “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” хэмээх судалгааг хийлгэсэн байдаг. Тэрхүү судалгаанд “...Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшсэн боловч хууль зүйн мэргэжлийн ажил огт хийж байгаагүй ажээ. Тодруулбал, 1984-1989 онд Дорнод аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтэст референт, 1989-1991 онд Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1990- 1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбоонд тэргүүнээр ажиллажээ. Хэдийгээр 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтээр ажилласан гэх боловч энэ хугацаанд зарим улсын талаарх лавлагаа гаргасан гэх мэдээлэл байх бөгөөд Үндсэн хуулийн чиглэлээр дорвитой судалгаанд оролцсон гэх мэдээлэл алга байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Буяндэлгэр нь Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүнд тавигдах хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлагыг хангаагүй хүн болох нь тодорхой байгаа юм.
Харин улстөрчийн хувьд, чамгүй өндөр “мэргэшилтэй” гэж болно. Намтраас нь, дээрх судалгааны мэдээллээс харагдана. Уг судалгаанд “...Б.Буяндэлгэр нь ардчилсан дэглэмд шилжсэнээс хойшхи 28 жилийн 21 жилд нь буюу дийлэнх хугацаанд нь бизнес хийж байсан. Гурван жилд нь аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байжээ. Эдгээр нь бүгд хуулийн мэргэжлийн ажил биш нь тодорхой. Мөн Дорнод аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан улстөрч бөгөөд одоо АН-ын идэвхитэй гишүүн. Зарчмын хувьд бол Цэцэд томилогдох хүн нь нэр дэвшихээсээ өмнөх дөрвөөс доошгүй жил улс төрийн албан тушаал хашаагүй байх хэрэгтэй байдаг, Тэгж байж хараат бусаар ажиллана. Тэгж байж итгэл төрүүлдэг” гэсэн. Энэхүү судалгааны Б.Буяндэлгэртэй холбоотой ийм мэдээллүүд бичигджээ. Ер нь Б.Буяндэлгэрийн улс төрийн “намтар” тун сонирхолтой. Яг л кино шиг. Тодруулбал, Б.Буяндэлгэр нь Монголын сэргэн мандлын нам байгуулагдахад анхны гишүүн нь болж, тус намын АИХ дахь бүлгийн дарга байсан. Энэ тухай АИХ-ын депутат байсан нэгэн эрхэм ярьсан байдаг. Төд удалгүй энэ намаасаа гарч Нэгдсэн намын гишүүн болжээ. Учир нь үл мэдэгдэх шалтгаанаар хэсэг хугацааны дараа Иргэний зориг намд элсэж Дорнод аймгийн Иргэний зориг намын дарга болсон байгаа юм. Түүнчлэн ингэж явсаар 2015 онд АН-д элссэн байдаг
Ингэхээр Б.Буяндэлгэрийг улс төрийн яг ямар үзэл баримтлалтай, аль намын гишүүн хүн бэ гэдгийг тодорхойлоход хүнд болж байна.
Үүнээс гадна маш ноцтой нэг мэдээлэл байна. “Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн замнал” хэмээх баримтат, гэрэл зургийн номонд Б.Буяндэлгэрийн талаарх нэгэн баримт байдаг. Энэхүү номын 292 дугаар хуудсанд Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулах 76 хоногийн нүсэр ажил дуусч, Үндсэн хуулийг бүхлээр нь батлах санал хураалтад оролцсон 460 депутатаас хоёр депутат түдгэлзсэн санал илэрхийлж, цорын ганцхан депутат татгалзсан санал өгсөн байдаг. Тэр хүн нь 188 дугаар тойргийн депутат Батсүхийн Буяндэлгэр байв. Өнөөдөр тэрээр 29 жилийн өмнө эсэргүүцэж байсан Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэцэд ороод суучихсан. Өчигдөрхөн Үндсэн хуулийг эсэргүүцэж байсан Б.Буяндэлгэр өнөөдөр Үндсэн хуулийг сахиулан хамгаалах уу. Үгүй л дээ.
Ийм л “тамын гурвалжин” Үндсэн хуулийн Цэцийг тамлаж буй мэдээлэл улс төрийн хүрээнд, хуулийнхны дунд гэрлийн хурдаар тарж байна. Хэрхэх талаар ч ярьцгааж байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин