Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл энэхүү баярыг яагаад тэмдэглэдэг болсон түүхээс эмэгтэйчүүд та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Түүхийн үйл явцаас дурдвал:

        1908 Эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, шүүмжлэлт маргаан ихээр өрнөх болсон нь улам эрчимжиж, идэвхтэйгээр компанит ажил зохион байгуулах болжээ. 1908 оны 3 дугаар сарын 8-нд 15,000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна.

     1909 Америкийн Социалист Намаас гаргасан тунхаглалд зааснаар Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын 28-нд тэмдэглэх болж улмаар 1913 он хүртэл эмэгтэйчүүд Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэдэг байсан байна.

     1910 онд Копенгаген хотноо ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын хоёрдугаар зөвлөлгөөн болж уг зөвлөлгөөнд Герман Улсын Социаль Демократ Намын эмэгтэйчүүдийн хэсгийн дарга Клара Зеткин (Clara Zetkin) Олон улсын жил бүр улс болгон нэгэн өдөр тэмдэглэж байх санаачлага гаргасан ажээ. Мөн тус зөвлөлгөөнд 17 улсын холбоо, социалист нам, ажил хийгч эмэгтэйчүүдийн клубын 100 гаруй эмэгтэй оролцсоны дотор Финланд Улсын парламентын анхны 3 эмэгтэй гишүүд оролцож байсан бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна.

     1911 онд Копенгагены шийдвэрийг хүлээн зөвшөөрч, анх удаа Австри, Дани, Герман, Швейцарь Улс 3 дугаар сарын 19-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр сая гаран хүмүүс оролцсон жагсаал болж эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй болох, төрийн байгууллагад ажиллахаар бэлтгэгдэх, ялгаварлан гадуурхалтыг арилгахын эсрэг эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлжээ. Гэсэн хэдий ч 7 хоногийн дараа 3 сарын 25-ны өдөр Нью Йорк хотын нэгэн үйлдвэрт гал гарч, 146 хүн нас барсны ихэнх нь Итали, Еврей цагаачид байжээ. Энэхүү эмгэнэлт үйл явдал нь АНУ-д ажлын байрны нөхцөл байдал болон хөдөлмөрийн хууль тогтоомжийг өөрчлөхөд нөлөөлсөн ажээ.

     1913-1914 онд Дэлхийн 1 дүгээр дайны өмнөхөн Орос Улсын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны 2 дугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэжээ. 1913 оноос хойш тус өдрийг 3 дугаар сарын 8-ныөдөр тэмдэглэх болсноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий даяар энэ өдөр тэмдэглэх болсон байна. 1914 оноос Европын эмэгтэйчүүд дайны эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийг илэрхийлэхээр компанит ажил зохион байгуулсан байна.

     1917 онд Дайнд 2 сая гаруй цэрэг эрс амь үрэгдсэнийг мэдсэн Орос эмэгтэйчүүд 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт “талх ба энх тайван” нэртэй ажил хаялт зарлажээ. 4 өдрийн турш үргэлжилсэн ажил хаялтын дараа Улс төрийн эрх мэдэлтнүүдтэй зөрчилдсөн Хаан (Царь) өөрийн хаан ширээнээс татгалзаж, түр Засгийн газар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр 2 дугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр 3 дугаар сарын 8-ны өдөр байжээ.

1918-1999 онд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг социализмын нөлөөн доорх улс орон бүр тэмдэглэх болсноор жилээс жилд улам өргөн хүрээг хамрах болсон байна. Олон жилийн турш НҮБ жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр хурал, зөвлөлгөөн зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэм, улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцооны талаарх олон улсын хандлагыг чиглүүлдэг байна. НҮБ 1975 оныг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”-ээр зарлаж байжээ. Дэлхийн эргэн тойрон дахь эмэгтэйчүүдийн байгууллага, засгийн газар 3 дугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, илрэл болсон эмэгтэйчүүдийн ололт амжилтын өргөн хүрээнд тэмдэглэх болжээ.

     Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекстан, Хятад зэрэг улс орон албан ёсоор тэмдэглэж байна. Шинэ мянганд тэгш эрх, эрх чөлөө болон түүний нийгмийн чиг хандлага онцгой өөрчлөгдсөн гэж хэлж болно. Залуу үе “эмэгтэйчүүдийн "эрхийн төлөө өрнөсөн тэмцэл ялалтаар дууссан” гэж бодоход урт хугацааны турш цогцоор хөгжсөн эцгийн эрхт ёсны эсрэг 1970-аад оноос эхэлж тэмцсэн феминистүүдийн нөлөө их билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen