СТБЗ: Хүүгийн хөнгөлөлттэй зээлийг болон репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн энэ оны нэгдүгээр улирлын ээлжит хурлыг энэ сарын 1-16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Эхний хурлаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллав.

Харин энэ сарын 16-ны өдрийн хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Дээрх асуудлын хүрээнд зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих болон хөдөө аж ахуйн салбарт олгох хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцууллаа. Ингээд арга хэмжээний саналыг зөвлөлийн гишүүд дэмжиж, Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулж, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг батлуулж, хэрэгжилтэд хяналт тавихаар тогтлоо.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen