Судалгаа: Дорнод аймагт ЗХАБТХууль зөрчигчдийн 2.5 хувь нь оюутан сурагчид байна
Дорнод аймагт энэ оны 10 дугаар сарын байдлаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас нийт 4625 зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 235 буюу 5,08 хувийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил эзэлж байна. Энэ төрлийн зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25,6 хувиар өссөн бол 83,8 хувь нь Хэрлэн суманд үйлдэгджээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд 235 хүн холбогдсон ба 2,5 хувь нь оюутан, сурагчид, 60,8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа бол төрийн албан хаагч 28 хүн байна. Зөрчилд холбогдогчдын 5,9 хувь нь өмнө нь зөрчил үйлдэж байсан, 97,4 хувь нь зөрчил үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Энэхүү зөрчлийг үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан байдлыг судлахад 6 хувьд нь торгох, 94 хувьд нь шүүхээс баривчлах болон албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан байна.
Дорнод аймгийн прокурорын газраас судалгааны дүнд үндэслэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй арга хэмжээг сум орон нутгийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах талаар зөрчил хамгийн ихээр үйлдэгдсэн аймгийн төв Хэрлэн сум болон Халхгол, Баян-Уул, Хөлөнбуйр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.