Кени улсыг авлигын эсрэг блокчейн технологийг ашиглахыг зөвлөлөө
Блокчейн технологи нь Кени шиг улсуудад авлигын улмаас олон тэрбум доллар алдахгүй байхад туслах болно гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын зөвлөх мэдээлэв.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын авлигатай тэмцэх бүс нутгийн зөвлөх Дэвид Робинсон нь блокчейн гэх мэт шинэ технологиуд нь Кени улсад Засгийн газрын авлига болон бусад эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд туслах болно гэж үзэж байна.
11-р сарын 3-ны өдрийн “Nation Media Group”-ийн нийтлэлд бичсэнээр блокчейн технологид суурилсан шийдлүүд нь гүйлгээг бүрэн хянах боломжийг бүрдүүлж, олон нийтийн бүртгэлийг залилан мэхлэлт болон хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах боломжтой гэж Робинсон мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ:
"Блокчэйн технологи нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн бүртгэлийг залилан мэхлэлт болон хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалахад ашиглаж болох хэрэгсэл тул дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын сонирхлыг татдаг."
Робинсон хэлэхдээ, авлига нь олон нийтийн итгэлийг эвдэж байгаа тул блокчэйн технологи нь итгэлцлийг бэхжүүлэх чухал хэрэгсэл юм гэжээ.
Авлигатай тэмцэх орчин үеийн техник технологи байхгүйгээс шалтгаалан Кени улс нь жил бүр улсын төсвийнхөө гуравны нэг хүртэлх хувийг авлигад алддаг гэсэн мэдээлэл байна. Мөн авлигын хэргүүдийг хянаж чадаагүйгээс тус улс жил бүр 6 тэрбум долларын алдагдал хүлээдэг гэсэн мэдээлэл байна.
Дэлхийн хэд хэдэн улс орнууд блокчэйн технологи болон криптовалют хоёрыг авлигатай тэмцэхэд боломжит хэрэгсэл гэж үзэж байна.
2020 оны 9-р сард Дани улсын Гадаад хэргийн яамнаас авлигатай тэмцэхэд блокчэйн технологийг ашиглах талаар шинжилгээ хийсэн тайланг гаргажээ. Харин 2020 оны 7-р сард Казахстан улсын Авлигатай тэмцэх газрын дарга тус улсад авлигатай тэмцэх зорилгоор үндэсний дижитал валютыг хөгжүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж: cointelegraph.com