Ялалт байгуулахад шаардлагатай тооны саналыг авна гэдэгт итгэлтэй буйгаа Ж.Байден илэрхийлжээ

Ялалт байгуулахад шаардлагатай тооны саналыг авна гэдэгт итгэлтэй буйгаа Ж.Байден илэрхийлжээ

 

Сонгуульд ялахын тулд авах шаардлагатай сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авна гэдэгт итгэлтэй буйгаа АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр Делавэр мужийн Уилмингтонд үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.

“Саналын хуудсуудыг тоолсон урт шөнийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдоход шаардагдах коллегийн 270 гишүүний саналыг бид хангалттай тоогоор авч ялах нь тодорхой болно. Санал тоолж дууссаны дараа өөрийгөө ялна гэдгийг бус бид ялна гэдгийг мэдэгдэхээр энд би зогсож буй” хэмээн Ж.Байден цохон тэмдэглэжээ.

Тэрбээр дийлэнх мужид олонхийн саналыг аваад байгаа гэдэгтээ итгэлтэй буйгаа мөн илэрхийлсэн байна. Хэд хэдэн мужид түүний үзүүлэлт өрсөлдөгч Дональд Трампын 2016 онд сонгуульд өрсөлдөх үеэр гаргасан үр дүнтэй харьцуулахуйц эсвэл давсан гэдгийг Ж.Байден мэдэгджээ. 

Пенсильвани муж улс бол аль нам, аль нэр дэвшигч сонгуульд ялах нь бүрэн тодорхойгүй байдаг сонгуулийн дүн “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудын нэг юм. Д.Трамп, Ж.Байден нар сонгуулийн ухуулгын ажил явуулах ихэнх хугацааг энд л зарцуулсан юм. Ж.Байден энэ муж улсад төрсөн гэдэг дээрээ онцгой анхаарал хандуулдаг байна.

Сонгуулийн ирц өндөр байгаа нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болжээ

Бүх нийтийн сонгуульд сонгуулийн ирц урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлттэй байсныг Ж.Байден цохон тэмдэглэжээ.

“Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч түүхэндээ хамгийн олон хүн саналаа өгчээ. 150 сая гаруй хүн саналаа өгсөн байна. Энэ бол онцлох тоо юм” гэж Ж.Байден хэлжээ.

Сонгуулийн ирц хамгийн багадаа 159.8 саяд хүрэх бөгөөд ингэснээр сүүлийн 120 жилд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болох юм гэж “NBC” телевиз лхагва гарагт мэдээлсэн юм. Сонгуулийн ирцийн тухай нарийн тодорхой мэдээллийг 1932 оноос хойш хүргэж эхэлсэн бөгөөд тухайн үед ирц 39 сая давж байсан аж.

2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялалт байгуулах үеэд ирц 138.8 саяд хүрч, урьд өмнө нь бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болж байжээ. Одоогийн сонгуульд саналаа урьдчилан өгсөн хүний тоо гэхэд л 100 сая орчимд хүрсэн нь мөн л өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт юм. АНУ-д санал өгөх эрхтэй 240 сая хүн байдаг аж. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen