Монгол Улс "Олон улсын Нарны Эрчим хүчний холбоо”-нд элсэх хүсэлт гаргав
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргээд хоёр улсын олон жилийн түүхт харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлосон юм.
Сайд Н.Тавинбэх Сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоороо дэмжиж ажиллана гэдгийг дурдаад усан цахилгаан станцын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мөн нарны болон усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нарийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг Энэтхэгийн Элчин сайд уулзалтын үеэр ярьсан байна.