Пагмадуламын тухай эргэн дурсахуйд төрсөн бодрол

Пагмадуламын тухай эргэн дурсахуйд төрсөн бодрол :

Соёл судлаачид 100-гаад жилийн өмнөх Д.Пагмадуламын энэ хувцаслалтыг Coco Chanel-ийн даашинз, LV брэндийн туфль болон Hugo брэндийн трико гм Европын шилдэг загварын хувцаснууд гэж тайлбарладаг. Тэрээр 5 хэлтэй, өндөр боловсролтой, Хүрээний анхны сэхээтэн бүсгүйчүүдийн нэг бөгөөд Монгол эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургахаас эхлэн тэдэнд орчин цагийн соёл боловсрол олгох ажлыг гардан зохион байгуулсан юм

Төгсөөгүй амьдралын алаг тавилан
Д.ЦЭРЭННАДМИД

ЭХЛЭЛ ҮГ

Хүн хүний амьдрал гэдэг харилцан ижилгүй оршдогсон билээ. Хэн нэгийн угтах хувь заяа нь бурхнаас өгөгдсөн юм ши­гээр цэх шулуун хий­гээд төвшин сайхан байх бол нөгөөхийн нь элдэв ээд­рээ, шавар шалбааг дүүрэн төвөгтэй байдаг нь нэгэн жам гэлтэй.

Хүн хорвоод мэнд­лэх­дээ амьдралынхаа чиг суд­­рыг тээж ирдэггүй гэ­дэг. Харин тухайн цаг үеийнхээ бүтээж өгсөх зам мөрөөр бэдэрч амьдрах нь бичсэн хийгээд бичигдээ­гүй хуулийн төгс бүрдэл гэж болом. Хүмүүсийн амьдралыг хорвоог элээх нэгэн том той­рог гэж үз­дэг. Тэрхүү той­рог дугуй эсвэл дөр­вөл­жин бас ямар ч дүрсийн гэ­хээргүйн гад­на эцэс төгс­гөл нь цагийн саалтад ба­лархай үлдсэн амьдрал­тай нэгэн байх нь бий. Нэгэн тийм бодит хүний ту­хай энд өгүүлэх гэсэн юм.

Тэр хүн бол Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг, зохиолч Дашдоржийн Нацагдор­жийн гэргий Пагмадулам агсан байж. Түүний чухам хэн болох тухай бас даасан судалгааг ухаант эрдэмтэн мэргэд маань орхигдуулж өдий хүрсэн нь ил байна.

Харин бага ч атугай тэр эмэгтэйн тухай урьд нь байсан бүдэг бадаг баримтуудыг тодосгохоор хөөцөлдсөнийг минь үгүйсгэх гэлээ гэж мэдэх хүн зохиолч, яруу найрагч Долгорын Нямаа байж мэднэ. Түүнээс уучлал эрье. Д.Нямаа гуай утга зохиолын намтар судлал гэдэг юмыг сэргээлцэх үүднээс Монголын анхны эмэгтэй сэхээтний нэг Дамдины Пагмадуламын тухай судалгааны ном бүтээжээ. “Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” гэдэг нэртэй үг номдоо онцлохдоо нэгэн зууны даваан дээрээс Пагмадуламын тухай нэхэн сурвалжлах нь их зохиолч Д.Нацагдоржийн намтар судлалыг баяжуулан тодосгохын нэгэн түлхүүр асуудал гэж дүгнээд нэгэн эгэл эмэгтэйн тухай судлалын ажил ихээхэн цаг алдсан байна хэмээн хэлжээ.

Зохиолч номоо бичих гэж “их явжээ”. Учир нь Пагмадуламыг мэдэх дээд үеийнхний насны нар жаргах дөхсөн төдийгүй зарим нь хорвоог даваад явчихсантай холбогдоод тууштай хөдөлшгүй баримт сүрхий ховордсон байж.

Тэр эмэгтэйн тухай мэдэх, чадах болов уу гэсэн олон хүнтэй уулзаж тэдний ярьсныг урьд нь бусдын зохиол бүтээл, энд тэндээс олж үзсэн бүхэнтэйгээ нэгтгэн оюун дүгнэлт хийхийг хичээсэн нь нэгэн ололт болжээ гэж болно.

Гэхдээ Д.Нямаа гэх Монголын томоохон яруу найрагч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн хүний хөдөлмөр, бүтээ­лийг мань мэт үнэлэх гэж оролдох нь дэндүү учир дутагдалтай байх л даа.

Тиймээс шуудхан эр­хэм зохиолч, яруу най­рагч­тай хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэх нь зөв биз ээ.

Бид хоёр бараг гурван цаг хөөрөлдөв. Зөвхөн Пагмадуламын тухай л ярьсан. Энд нэг зүйлийг тодосгоход Пагмадуламын туйлын ихэмсэг төрх бүхий урьд өмнө нь сонин хэвлэлд огт гарч байгаагүй нэгэн ховор зургийг Д.Ня­маа гуай олж хадгалсан байв. Энэ нь сэтгүүлч миний эрэн сурвалжлах явцад бөөн олз байлаа. Уг зургийг сониндоо “тавь­бал” анх удаа хэвлэлд нийтлэгдэж буй гэсэн тайлбар зүүгээрэй гэж зохиолч эрхэм зөвлөсөн.

Д.Нямаа: УУЛЗСАН ХҮН БҮРИЙН ҮГ ҮНЭТЭЙ БАЙЛАА

-Та их зохиолчийн нэгэн үеийн хань байсан Монголын шинэ үеийн анхны эмэгтэй сэхээтний нэг Пагмадуламын тухай ном бүтээсэн юм байна. Зорилго нь юу байв гэж танаас асуух гэсэн юм?

-Их зохиолч Д.Нацагдорж гээд л яриад судалж шинжлээд байдгаас биш түүний гэргий Пагмадулам гэдэг хүний тухай тэдний хамтын амьдралын тухай бичиж тэмдэглэсэн зүйл ховорхон юм шиг. Үзээд уншаад байхад ганц нэг үг, өгүүлбэр тааралддаг. Тэр бүхнийг хэлхэж нэг юм болгоодохвол Пагмадулам гэдэг хүн арай тодорч магадгүй гэж бодогдсоон. Тэгээд олсон баримтдаа түшиглэн 1-2 удаа өгүүлэл бичиж сонинд хэвлүүлсэн. Энэ маань уншигчдын анхааралд ихээхэн өртөж, зарим хүн шинэ баримт сэлт өгч туслах болсон. Яагаад гэхээр оюуны хүмүүс, сэхээтнүүдийн сонирхолд миний бичсэн зүйл их нийцсэн бололтой юм билээ.

Тэгэхээр Д.Нацагдор­жийн намтрыг бүхэл бүтэн болгоё гэвэл Пагмадулам гэдэг хүний амьдралыг замналыг тод болгох шаардлага байгаа юм.

Судлаад үзэхэд Пагмадуламын тухай тэр найман жилд юу хийж, хэрхэн амьдарч байв гэдгийг орхигдуулснаас их зохиолын тэр цаг үеийн амьдралын замнал ч бүдэг бүрхэг болоод байгаа юм.

Бас ном бүтээх болсон шалтгаан нь баримт сэлт цуглуулах явцад тэр эмэгтэйг 1905-1907 онд төрсөн байх магадлал гарч ирсэн. Тэгэхээр төрсний нь 100 жилийн ой болохоор байсан. Иймээс ном хийх нь зөв гэж санагдсан.

-Та Пагмадуламын тухай мэдэх гэж олон хүнтэй уулзсан гэдэг. Тэднээс хамгийн ойр дотны хүмүүс нь хэн байв аа?

-Пагмадулам нэг охинтой байсан. Тэр нь Цэрэндулам гэдэг. Тэр хүн олон сайхан хүүхдүүдтэй юм байна л даа. Тэр дотор Түмэнцогт гэдэг залуу надтай сонинд нэг материал гарсны дараа сураглаж уулзсан. Зөндөөн сайхан амьд баримт хэлж өгсөн. Бас эмэг эхийнхээ тухай /Пагмадуламыг хэлж байна/ мэдэх болов уу гэсэн олон хүнийг нэрлэж зааж өгсөн.
Үүний дүнд миний олж авсан зүйл их баяжсан. Нэг зүйлийг тодруулахад тэр Цэрэндулам гээч нь цагдаагийн Ерөнхий газрын дарга явсан хурандаа Рэнцэнхорлоо гэдэг хүнтэй сууж байсан юм билээ. Бас нэг тод баримт хэлсэн хүн бол цэргийн чуулгын ахмад бүжигчин байсан Ё.Цэрэндулам агсан. Тэр хүн дөнгөж саяхан хорвоог орхисон доо. Хөөрхий. Түүнтэй би уулзахдаа Пагмадуламыг мэддэг хүн гэж бодолгүй зүгээр ахмад хүн болохоор үг нэмэрлэж юуны магад гэсэн үүднээс хандсан. Гэтэл тэр хүн Пагмадуламтай нүүр учирч бүр нэг хашаанд амьдарч явсан нэгэн байсан нь олз байв.

Цэрэндулам гуай арав гаруйхан настайдаа Дорнод аймгийн Матад сумаас хотод орж ирээд хуучны есөн гудамжинд шавар байсан хөлсөлж сууж л дээ. Хашаа бай­шингийн эзэн Өндөр гэдэг хятад хүн. Минжинсор гэдэг монгол авгайтай, Рагчаа гэдэг нэг хүүтэй байж.

-Би бага байж. Пагма­дулам гэж нэг сайхан эмэгтэй надад дүү шигээ ханддаг. Намайг хүн сураглабал “байхгүй” гэж хэлээрэй гэж аминчлан захьдаг байсан гэж ярьсан юм. Тэр ёсоор нь хэн ч асуусан “байхгүй ээ” гэдэг байж. Монгол дээлтэй орос шляп дух­дуулсхийн тавьсан дэгжин маягийн нүдэнд дулаахан хүн хааяа Пагмадуламыг сурж ирдэг. Тэр нь Д.Нацагдорж байсан юм билээ гэж Цэрэндулам гуай нэмж өгүүлсэн. Энэ үгээ Пагмадуламын тухай сонирхсон олон уран бүтээлч, судлаач хүмүүст хэлж өгсөн байдаг.

Тэгэхээр би Д.Нацагдоржийн болоод түүний гэргий Пагмадула­мын тухай бодит үнэн баримт хэлэх Цэрэндулам гэдэг хүнийг анх би нээж өгсөн болж таардаг юм даа.

ПАГМАДУЛАМ ГЭЖ ХЭН БЭ?
-Та одоо Пагмаду­ламын тухай тодруулж ярина уу?
-Над олдсон баримтаар бол Пагмадулам бол Ам­галанбаатар хотод Дамдин мужааны гэрт төржээ гэсэн бий. Лавшруулаад судалбал тэр Дамдин гэдэг хүний төрсөн охин биш өргөмөл хүүхэд нь юм билээ. Дамдин мужааны эхнэр Балжид Пагмадуламыг өсгөж хүн болгосон гэх баримт байдаг. Гэтэл бас Балжид нь Дамдины эхнэр нь биш аягач нь байсан баримт бас бий. Тэднийх бас нэг эрэгтэй хүүхэд өргөж авсан нь Санжаа гэдэг байв. Пагмадуламын ах болох хүн.
Пагмадуламыг нас биед хүрэх үед нь нэгэн хошууны ноён хүүдээ эхнэр болгохоор богтолж авсан юм гэдэг. Тэгээд хувьсгал ялж цаг үе өөр болох үед Пагмадулам богтлогдсон айлаасаа гарч гэртээ ирсэн.

Энэ нь өөрийн нь чин хүсэл ялан дийлсний хүч байсан болов уу гэж дүг­нэлтэд хүрдэг. Бас нэгэн зүйлийг хэлэхэд Дамдины Цэрэндуламыг зарим хүн Д.Нацагдоржийн өргөмөл охин гэж бодож явсан.

Сонин хэвлэлд ч гэж бичсэн бий. Тэгвэл Цэ­рэн­дулам бол Пагма­дуламын дүүгийн охин бөгөөд Нацагдорж, тэр хоёрт үрчлэгдсэн юм гэд­гийг Б.Бааст гуайн бичснээс иш татаж болно. Гэтэл Цэндийн Дам­динсүрэн гуай дурсам­жийн номдоо,

-Манай их зохиолч Д.Нацагдорж, түүний гэр­гий Пагмадулам хоёрын төрсөн охин Цэрэндулам гэж бичжээ. Ийм зөрүүтэй баримтууд зөндөө байсан сүүлдээ Пагмадуламын төрсөн хүүхэд нь Цэрэн­дулам гэсэн хүмүүсийн үг итгэл бий болгосон. Иймээс Цэ­рэндуламыг Пагма­дуламын төрсөн охин гэх баримтыг зөв гэж бодсоон.

Ингэснээр Дамдин мужаан гэдэг нь Наймаа хотын нэгэн тайж язгууртан. Пагмадулам тэдний өргөмөл охин, Цэрэн­дулам нь Пагма­дуламын төрсөн охин, Дамдин мужаан эхнэргүй байсан учир өөрийн сайн мэдэх Магсар Хурцын нэгэн охин /Паг­мадуламыг хэлж байна/-ыг үрчилж авсан гэх зэрэг урьд өмнө дуулдаагүй байсан баримтыг ба номдоо оруулсан. Харин тэр бүхэнд эргэлзэх хүн байвал саналыг сонсох нь зөв гэж бодсон юм даа.

ШИГТГЭЭ
Монголын уран сайхны “Саруул талын ерөөл” хэмээх кино бий. Уг кинонд их зохиолч Д.На­цагдоржийн жин­хэнэ уран бүтээлээ туур­висан зурвас үеийн болон хувийн амьдралыг тод томруун гаргахыг хичээсэн байдаг юм.

Уг кинонд Пагмадула­мын тухай үеийн нэг бо­ловсон эмэгтэй байдлаар харуулсан. Гэхдээ чухам үзэл бодол нь ямар хүн байв. Боловсрол мэдлэг юутай юм гэдэг талыг төдийлэн гаргаагүй гэдэг. Зөвхөн Нацагдорж монгол эхнэртэй байсан гэдгийг л харуулсан гэж болохоор Пагмадулам бодит хүн атлаа зүгээр л нэг гол дүрийн хамаатай уран сайхны дүр болж гарсан. Түүний дүрд нь тоглосон Ардын жүжигчин С.Саран­туяагийн яриа тод томруун харуулж байна.

-Пагмадулам их сайхан хувцасладаг боловсон зан харьцаатай эгэл нэгэн эмэгтэй байсан юм билээ гэсэн ерөнхий үг хэлдэг. Бас түүний тухай уншиж судлах юм байхгүй. Зарим хүмүүсийн амь ярианаас л жаахан ойлголт авсан гэж ярьсан.

Тэгвэл Д.Нацагдор­жийн дүр бүтээсэн Д.Гүрсэд мөн л уг нь өндөр боловсролтой тухайн үедээ хуруу дарам цөөн ухаалаг бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг яриа сонсож байсан. Харин архи дарсанд, наргиа цэнгээнд дуртай, бас хар тамхинд орсон ч гэх шиг амьдрал нь уруудаж дууссан гэж ярих хүн тааралдаж байлаа. Үнэндээ Нацагдоржийгоо л тод гаргах гэж Пагма­дуламын дүрийг сонгож авсан байх. Хүмүүсийн хэлж ярьсан шиг хар ба­раа­ныг нь орхиж жирийн л нэг сайхан Монгол эмэгтэйг илэрхийлсэн дээ.

Социализмын үе нөгөө реалист чиглэлийг барих учир ч байсан л байх. Үнэндээ бол Д.Нацагдорж Пагмадулам хоёулаа адил­хан амьдралыг туулсан ижилхэн хувь заяатай хүмүүс байсан юм билээ.

Кинонд тоглохын өмнө янз бүрийн юм, түүх сөхөж үзэхэд тийм бодол төрж байсан. Тэр үед бодитой түүхийг дураараа засвар­ладаг үзэл сурталчилсан цаг байж дээ гэж билээ.
-Пагмадулам хэдийд Д.Нацагдоржтой гэр бүл болсон юм бэ. Энэ тухайд та ямар баримт хэлэх вэ?

-Баримт байна аа. Пагмадуламтай Ленинг­радад нэг үед сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, О.Намнандорж гээд хүмүүс сайн мэдэх учиртай л юм. Гэтэл тэд Пагмадуламын тухай олиг­­той юм хэлээгүй. Д.Намдаг гуай,

-Би “Цаг төрийн үймээн” романыг бичих­дээ Оюундарийн дүрийг гаргахдаа Пагмадуламыг бодон бодон байж бичсэн гэж нэг удаа ам алдсан байдаг. Харин Пагма­дуламын Д.Нацагдоржтой суусан тухай хэлсэн амьд гэрчүүд хэд хэд байсаан. Охин Цэрэндуламын хувьд аав, ээж хоёрыг хэрхэн танилцсаныг би мэдэхгүй гэсэн бий. Тэгвэл 1924 онд ханш нээх өдөр Д.Нацагдоржийнд очсон гэх Б.Содном гуайн яриан дунд Пагмаду­ламын ах Д.Санжаа,

-Миний дүү хүүхэн /Пагмадуламыг хэлэв/ Нацагдоржтой гэрлээд хоёр жил болж байна гэснээс үзвэл 1922 онд тэр хоёрыг гэр бүлийн амьдрал эхэлсэн болж таарч байгаа юм.

1924 онд хүн амын дунд соёл гэгээрлийн ажил явуулдаг төв “Нардом” хэмээх модон байшинд залуучууд их цуглардаг газар байв. Тэнд Нацаг­дорж Пагмадулам хоёр танилцсан тухай ОХУ-ын монголч эрдэм­тэн Клара Яцковскаягийн дурсам­жинд байдаг юм билээ.

Тэр бичихдээ, Нийс­лэлийн амьдралд идэвхтэй оролцсон явдал Пагма­дулам, Нацагдорж нарыг нэг эгнээнд хүргэсэн. Тэд удалгүй гэр бүл болж эр нөхөр, гэргий болжээ гэжээ.

Л.Түдэв “Бүгд найрам­дах улсын анхдугаар он” хэмээх романдаа Сүхбаа­тарын клубт “Ушаандар хаан” жүжиг үзэх үедээ Нацагдорж Пагмаду­ламыг анх олж харснаар гаргасан бий.

Бас зохиолч Наваан-Юндэн гуай, “Бид нэг удаа Зохиолчдын бүлгэм тараад П.Нацагдорж, Доржсүрэн бид гурав их Нацагдоржийг дагаад гэрт нь очсон. Тэгэхэд гэргий Пагмадулам биднийг идээ, ундаагаар дайлж, сархад зооглуулсан. Хөлсний хятад тогтоочтой айл байсан. Нацгаа бид шог юм ярьж хөгжилдөх явцад Пагмадулам цай аягалан, зууш тавьж, архи хундагалж байлаа” хэмээн дурссан байдаг.

Ингээд түүнээс хойш Нацагдорж Пагмадулам хоёр Ленинградад очсон. Дараа нь Германд суралцсан. Гэр бүлийн амьдрал нь үргэлжилж л байж 1929 онд Германаас тэд буцаж ирсэн. Тэгэхлээр Д.Нацагдорж, Пагмадулам хоёр найман жил хамт амьдарсан болж таардаг юм даа. Тэгээд 1931 онд тэд салсан баримт бас бий.

-Та бид хоёр Пагма­дуламын хэн болох тухай товчхон ярьсан. Тэгэхэд орхигдсон зүйл их байгаа санагдана?

-Тийм ээ. Түрүүн зөвхөн удам гарлын тухайд л ярьсан шүү дээ. Харин тухайн үед төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан тухай орхисон. Одоо тэр тухай ярихад Пагмадулам нь Нацагдоржийн сүүдэрт орчихоод нийгмийн зүтгэлтэн гэдэг талаараа яригдахгүй л байж. Түүний тухай хамгийн тод дуугар­сан хүн бол Б.Ренчин гуай. Пагмадуламыг тал талын мэдлэгтэй хүн байс­ныг гэрчилдэг. Тэрбээр нэг дурсамждаа Пагма­дуламын тухай бичихдээ.

Нас залуу ч тэр үеийн монголтой, хүний уншиж мэдэх зүйлийг цөмийг шахуу гүйцээснээрээ Ле­нин­­град хотноо суралцаж байсан хорин хэдэн монгол оюутны дунд дээгүүр суурь эзэлж Д.Нацагдоржийн дайтай бичиг, түүх үзсэн хүн дөрөв, тавхан байсныг нэг нь Дашдоржийн гэргий Пагмадулам гэдэг эмэгтэй. Уг нь Хүрээний Наймаа хотын унаган тэр монгол бичиг, ном их үзсэн залуусын тоонд ордог байлаа гэсэн бий.

Бас Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан Пунцаг өөрийгөө сургууль соёл амьдралын замд оруулж өгсөн хүнээ Пагмадуламыг гэж ярьсан байдаг. Нутгийн Омбын Жамсран гэдэг хүний туслалцаатайгаар Нацагдоржийнд очиж Пагмадуламтай уулзсан нь миний сэхээхэн амьдралд шилжих эхлэл байсан, би тэдний сууж байлаа гэжээ. Тухайн үед Пагма­дулам эмэг­тэйчүү­дийн байгууллагыг удирдаж байж.

1924 оны гуравдугаар сарын наймны өдөр на­мын төв хорооноос гар­гасан шийдвэрийг үндэс­лэн Хаснавч, Бадам­раг­чаа, Пагмадулам нарын хэсэг эмэгтэйчүүд хурал­даж намын төв хорооны дэргэд эмэгтэй­чүү­дийн тасаг байгуулан “Бүсгүй­чүүдийг сурган боловс­руулах” гэсэн нэртэй тас­гийн эрхлэгчээр Пагма­дуламыг сонгосон байдаг.

Тэгэхлээр Пагмаду­лам Монголын эмэг­тэйчүүдийн байгууллагыг үндэслэгчийн нэг тө­дий­гүй анхны дарга байсан байгаа юм. Дараа нь эмэг­тэйчүүдийн байгууллагын хоёр дахь дарга нь С.Янжмаа байдаг. Тэгээд хожим нь Мон­голын эмэг­тэйчүүдийн байгууллага чинь С.Янжмаа гуайн нэрэмжит гэгдэх болсон юм билээ.

-Уг нь анхны дарга нь Пагмадулам байсан юм чинь түүний нэрэмжит болгоогүй бас нэг учир байна даа?

-Тийм ээ. Нөгөө л Пагмадулам гэдэг хүний амьдрал, аж төрлийг бүрхэгдүүлж, орхигдуул­сан түүхийн хар тал нөлөөлсөн биз. Ер нь бол Пагмадулам Монголд анхны гэгдэх Амгалан­гийн сургуульд багш байсан үе бий. Бас Намын төв хорооны тогтоолоор байгуулагдсан “Ардын үлгэр жишээ клубын анхны даргаар сонгогдож байсан баримт ч бий.

-Тэгвэл Пагмадулам яагаад шоронд орсон юм бол..?

-Түүний яагаад шо­ронд орсон талаар элдэв цуу яриа л голлодог. Дэлгүүрийн худалдагч байхдаа мөнгө дутаасан л гэдэг. Хятадтай нийлж хуурамч мөнгө хийх гэж байгаад баригдсан гэж ч яриа байдаг. Хэрэв тэр үед хуурамч мөнгөн тэмдэгт хийх гэж оролдсон хүн бол амьд үлдэнэ гэж байхгүй болохоор тэр нь худал байж таардаг.

Бас хүүхдийн колоний дарга байхдаа нэг баяраар хүмүүжигч хүүхдүүдийг чөлөөгөөр тараачихсан. Тэрнээс болсон гэсэн цуу үг бий. Энэ бас л дэгстэй. Тухайн үед хүүхдийн колонь байгаагүй байх. Харин тэр үед сэхээхэн хүмүүст тун халтай цаг байсан шүү дээ. Даангүй гадаадад боловсрол эзэмш­­сэн олон хүн элд­вээр хардагддаг, хэлмэгд­дэг үе. Д.Намдаг Н.На­ваан-Юндэн, С.Буян­нэмэх мэтийн тэр үеийн тэргүүлэх сэхээтнүүд цөм л баригдсан, тавигдсан. Хэлмэгдлийн хар шуурга ёстой дэгдэж байсан. Шо­ронд орсон гол шалтгаан энэ л байсан болов уу. Хэн нэгний тухай элдэв үг хэлэх ч хэцүү, цөвүүн цагт шоронд орох байтугай олон арван сайхан хүн нийгмийн золиос болсон билээ. Пагмадуламын хувьд ч тэр хар бараан хувь заяанаас тойроогүй биз.

-Хар тамхинд орсон байсан юм гэнэ лээ. Бас сүүлдээ хятад хүнтэй суусан гэсэн таавар яриа сонсогддог?

-Тийм ээ. Хар тамхинд орсон гэдэг өөрт нь то­хиолдсон өвчнөөс шалтгаалж оргүй үг биш байж болно. Харин хятад хүнтэй суусныг гэдэг ху­дал байх. Есөн гудамжинд байшин хөлсөлж суусан хятадтай ханилсан гэсэн байж болно. Пагма­дуламыг нэгэн үе мөрддөг, мөшгөдөг байсан байх. Тиймээс орогнол хүсч нуугдмал байхын тулд тэр хятадын гудамжинд нэг хэсэг байсан болов уу.

Нөгөө Ё.Цэрэндулам гуайтай нэг хашаанд байх үед Пагмадулам хэлэхдээ “Намайг Намын төв хорооноос сураад байгаа гэнэ. Хүн асуувал намайг байхгүй л гээрэй” гэж байсныг бодоход тийм нуугдмал байх шаардлага байсан байх гэж бодогд­дог. Тэр үед сурч байсан хүмүүсийн гадны­хантай холбоо сүлбээтэй байж магадгүй гэсэн шалтгаар шоронд явуулдаг л байсан юм билээ.

-Сүүлчийн асуулт. Паг­мадулам хэдийд нас барсан юм бэ?

-Энэ тухай Д.Нацаг­доржийн адил хэдийд нас барсан нь бүдэг бүрхэг байдаг юм. Охин Цэ­рэндуламын ярьсан үгэнд “Миний ээж 1938 онд өөд болсон” гэсэн бий. Үүнийг баталгаа болгохоос өөр арга байдаггүй юм билээ. Тэнд нас бараад тийм хүмүүс тэгж оршуулсан гэсэн баримт ч өдий болтол олдоогүй. Түүнээс болж Пагма­дулам 1966 онд “Дэнжийн мянга”-ын зах дээр хуучин хувцас зараад сууж байсан гэсэн яриа дуулдсан. Сонин хэвлэлд ч гараад амжсан байх. Энэ бол батлагдах үндэсгүй цуу яриа байсаан. 1940-өөд оноос хойших бичиг зохиолд Пагмадуламын нэр ус огт дурсагдаагүйг бодоход 1930-аад оны сүүлчээр насан өөд болсон гэдэг нь үнэн байх магадлалтай юм.

ТӨГСГӨӨГҮЙ АМЬДРАЛЫН ТУХАЙ ТӨГСГӨЛ ҮГ
Д.Нямаа гуай бид хоёр яриандаа Пагмадуламын тухай нэлээд олон талаас нь авч үзэхийг хичээсэн гэж болно. Хамгийн гол нь тэр эмэгтэйн тухай бүдэг бадаг ойлголтыг тодруу­лах, Пагмадулам гэж чухам хэн байв гэдэгт хариулт өгөхийг зорьсон билээ.

Пагмадуламыг тэр үеийн хэллэгээр сайн монголтойгоос гадна манж, хятад, орос, герман хэлтэй оюуны боловсрол өндөртэйгөөрөө ховор хүний нэг байж гэдгийг хэлсэн. Хувьсгалын эхэн үеийн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд ч зохих хувь нэмрээ оруулж явжээ. Тэр. Харамсалтай нь тэр хүн цагаа олж төрсөнгүй. Нөгөөтэйгүүр эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж туйлын дорой байсан нь нийгэмд эмгэнэл авчирч байж. Эмэгтэй хүнийг нэр төртэй байг гэж боддоггүй байсан байна л даа. Тиймээс элдэв янзын хавчлагад өртөж тэр нь сэтгэлд зүйд нь нөлөөлсөн гэж ч болох.

Д.Нацагдоржтой тун адил хувь заяанд тэр “дарлуулсан”, хэлмэгдэлд өртсөн. Түүний бие барьс­наас нь хойш ч гэгээлэг талаас нь харсан юм суд­лаач, бичгийн хүмүүсийн бүтээлд бараг байсангүй. Энэ нь тухайн хүнд то­хиолдсон хэлмэгдэл үргэл­жилсэн гэсэн үг. Эцэст нь ганцхан санааг хэлэхэд харанхуй нийгмийн хийгээд цаг үеийн золиос болсон хүн бол Пагмадулам гэх нь онох болов уу.

https://www.facebook.com/photo.php?fbid=178094330351349&set=pcb.178094350351347&type=3&theater

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen