Эзэнтэй ноход илүү аюултай

“Удахгүй сургууль, цэцэрлэг орлоо. Хүүхдүүдээ нааш, цааш зөөхөд хүндрэлтэй. Нохойноос айгаад хичээл сургуульдаа тайван явах нөхцөл алга. Нохойтой айлууд хашааныхаа хаалгыг дэлгээд хаячихна. Долоон хоногийн өмнө хөрш айлын хүүхэд гудамжинд явж байсан нохойнд хазуулсан. Эзэнд нь шаардлага тавьсан ч уурлаж байна лээ. Ийм хүнлэг бус байж болохгүй.
Харин хүн хажуулж байгаа нохойгоо яах вэ гэх байтал “Өөрсдөө болгоомжтой явахгүй яасан юм бэ” гээд загнаж хашааныхаа хаалгыг түгжчихээд тайлж өгөөгүй. Цагдаа дуудаж асуудлыг шийдсэн. Нохойг яах ёстой юм бэ. Эзэн нь нохойгоо хүн рүү дайрдаггүй гээд байсан. Ямар ч нохой эзэн рүү гээ дайрахгүй шүү дээ” хэмээн гэр хороололд амьдардаг нэгэн эмэгтэй ярилаа. Энэ мэтчилэн эзэнтэй, эзэнгүй аюул дагуулсан ноход олширч байгаа нь нийслэл тэр дундаа гэр хорооллын иргэдийг түгшээж байна. Урьд өмнө хүн нохойд хазуулж амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон гэх гашуун түүх олон бий. 
ИРГЭД НОХОЙНООС АЙЖ ЯВСААР АЖЛААСАА ХОЦРОХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ ГЭВ
Бид эзэнтэй тэр дундаа эзэнгүй ноход хэрхэн оршин байгаа талаар сурвалжиллаа. Хүн ам ихээр төвлөрсөн Баянхошуу, Зурагт орчмын гэр хорооллоор явсан юм. Гудамны үзүүр эргэмэгц дүүгээ хөтлөн гүйх хүүхэдтэй таарлаа. Тэдэнтэй уулзаж ойр хавиар нохой хэр байгааг асуухад “Би нохойноос айдаг. Гудамжаар явахад нохой ихтэй. Дайрсан тохиолдол байхгүй ч тун хэцүү байдаг. Ээж аав минь “Нохой дайрч мэднэ. Тэгвэл хамгийн түрүүнд гартаа чулуу атгаад суугаарай” гэж хэлсэн” гэв. Нэг хэсэг золбин ноход сүрэглэн явж бусдыг түгшээдэг байсан бол харин одоо эзэнтэй нохой илүү аюултай болсон гэдгийг иргэд хэлж байна. Ингээд цааш явж ойролцоох гудмжаар ортол бор хүзүүвчтэй шар нохой хэрэн хэсүүчилж явах аж. Ямартай ч хүн рүү нохой бололтой. Холоос хуцаж гарав. Айсандаа тэр нохойг тойрон явлаа. Хогийн цэг, жалга гуу, дэлгүүр зэрэг нь үндсэндээ эзэнтэй, эзэнгүй нохдын талбар болж гэхэд хилсдэхгүй. Ойр хавийг ажиглан зогсоход дэлгүүрийн хогийн сав руу толгойгоо хийн хогийг тараан хаях хар нохойноос дэлгүүр рүү орох, гарах хүн бүр айж харагдана. Гэтэл удалгүй дэлгүүрээс нэгэн залуу гарч ирээд нохойгоо дагуулан явж одов. Энэ мэтчилэн нохойныхоо занг мэддэг иргэд нохойгоо хаа хамаагүй хяналтгүй явуулах тохиолдол зөвхөн энэ биш. Ийн хойш чиглэн явтал 30 орчим насны залуустай таарлаа. Тэдний нэг “Би өглөө 07.00 цагт ажилдаа явдаг. Нэг удаа айлын нохой дайрч байсан. Азаар уруулчихаагүй. Нохойноос айж явсаар ажлаасаа хоцорч очих тохиолдол байдаг. Тэгээд ажил дээрээ очоод тэрийг шалтгаан болгохоос ичдэг. Айлууд хашааныхаа хаалга нь дээр “Анхаар нохойтой” гэж бичээд аюулгүй болдог мэт санах юм. Үнэндээ тийм биш. Таны нохой хэзээ ч хэнийг ч хохироож мэднэ. Иймд бат бэх уяагаар уяж, хашаанаас гарахгүй байх тал дээр анхаараасай гэж боддог” хэмээн учирлав. Найман настай балчираас наян настай буурай хүртэл нохойн асуудлаас болж халаглаж сууна. Эргэн тойрныхоо аюулгүй байдлыг хангаж суух нь нохой тэжээгч таны үүрэг. Гэтэл хаздаг нохойгоо хямагдахгүй байх нь хүний амьд явах эрх чөлөөнд халдаж байгаагийн тод илрэл. Адаглаад хүүхдүүд хичээл сургуульдаа явах, дэлгүүр орохдоо хүртэл түгшинэ.
Бид явсаар Баянхошууны гэр хороолол орчимд ирлээ. Тэнд мөн ялгаагүй тав алхаад ганц нэгээр явах ноход бишгүй их байв. Аюулгүй бүс гэхэд тун хэцүү. Худгаас ус авч зогсох өвөө “Ойр орчмоор сүрэглэн явах нохойноос айдаг” гэдгээ бидэнд хэллээ. Эзэнгүй ноход гэлтгүй айлын хүзүүвчтэй нохой ч золбин ноходтой нийлж сүрэглэдэг болжээ. Учир нь монгол банхар гэмээр сүрлэг том хар нохой гинжээ чирж золбин ноходтой явж харагдана. Ойр хавиар усаа авч яваа иргэд” Золбин нохдыг буудсан л гэж хорооныхон хэлдэг. Гэхдээ л улам үржээд байна. Нохой чинь араатан амьтан шүү дээ. Хаашаа ч явсан таяг чулуу, мод барьж явахгүй бол гэнэт хаанаас ч юм нохой гараад ирдэг. Тэр үед үнэхээр тэвддэг” хэмээн өгүүлж байна. Гэр хороололд амьдардаг эцэг, эхчүүд хүүхдээ нохойд хазуулах вий хэмээн үргэлж сэтгэл түгшиж, яах учраа олохгүй байдаг болжээ. Эндээс харвал гэр хорооллын иргэдийг хамгийн ихээр түгшээж буй зүйл бол эзэнтэй ноход болж. Золбин ноход зүрх муутай хүн рүү дайрах нь бага байдгийн дээр олноороо сүрэглэж явах нь ч цөөрч. Харин эзэнтэй хэр нь эзэнгүй орхигдсон ноход хамгийн аюултай гэдгийг хүмүүс хэлж байна. Учир нь, эзэд нь гэр орон, эд зүйлсээ хамгаалуулахын тулд албаар зуумхай болгож, аашийг нь эвддэгээс эзэнтэй ноход илүү араатан шинжтэй байдаг гэнэ. Хэзээ, хаанаас, хэний нохой гарч ирээд хазах бол гэх айдас дунд гэр хорооллынхон автаж байна. Иргэд өөрийн нохойндоо хараа хяналт тавиагүй, дэл сул орхисноос үүдэн нохой нь хүн хазах цаашлаад эрүүл мэндэд нөхөж баршгүй гарз хохирол учруулах, амь насанд нь халдсан тохиолдолд нохойн эздэд ямар арга хэмжээ авах талаар эрүүгийн хуульнд дараах байдлаар зүйлчилжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлд 201.1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
201.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна. Хохирогч эзэнтэй, нохойд уруулсан уу, эзэнгүй нохойд хазуулав уу гэдгээс үүдэн авах арга хэмжээ нь өөр гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хэрэв эзэнтэй нохойд уруулсан тохиолдолд шархаа үзүүлэн цагдаад хандан хэрэг үүсгэж болдог аж. Тиймээс зуумхай нохойгоо хямгадаагүйгээс болж, хэрэгтэн болох вий гэдгийг иргэн та санаж явахад илүүдэхгүй. Эзэнгүй ноход жилдээ 2-3 удаа хээлтэж, нэг удаадаа 3-8 гөлөг гаргадаг гэх мэдээллийг нийслэлийн Статистикийн газраас гаргасан байна. 
ОН ГАРСААР 1341 ХҮН НОХОЙД ХАЗУУЛЖЭЭ
Нохойд хазуулсан хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төв ханддаг. Тус эмнэлэгт өнгөрсөн 2018 оны эхний хагаст 1255 хүн нохойд хазуулсан гэх оноштойгоор иржээ. Үүнээс 479 нь 0-15 насны хүүхэд байгаа аж. Харин он гарсаар 1341 хүн нохойд хазуулснаас 562 нь мөн адил бага насны хүүхэд байсан гэх тоон мэдээллийг Гэмтэл согог судлалын статистик тандалт судалгааны албанаас гаргажээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт зарим өдөр нохойд хазуулсан, шархтай 6-10 хүн ирдэг гэдгийг хүлээн авах тасгийн эмч хэлж байлаа. Хүн рүү дайрсан нохдын 80 орчим хувь нь эзэнтэй байдаг аж. Иймд иргэн та бусдын аюулгүй байдлыг бодож тэжээвэр нохойндоо тавих хяналтаа бүү сулруулаач. 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen