ЕРӨНХИЙ САЙД ДӨЖИРСӨН ЧИХНҮҮДИЙГ ОНГОЙТОЛ ДУУГАРЛАА

Даяараа шивнэлдэж, гэр зуураа ярилцан бухимдлаа тайлж, хэвлэл мэдээллээр хэд гурван нийтлэл гарч, дарга нарын ирэхэд зааланд хашгираад ч нэг л тод сонсогдохгүй байсан дуу хоолойнуудыг Ерөнхий сайд маань маш тодорхой болгож цуурайтуулж өглөө. 
Монгол орны байгалийн эко системд ноцтой хор хохирол учруулж байгаа уул уурхайн лицензүүдийг хураах, заримыг хаах шийдвэрүүд гарлаа. Эх орныхоо уул усыг хамгаалахыг уриаллаа. 
Ер нь чих дөжирсөн нийгмийг цочоож сэрээх дуу хоолой үгүйлэгдэж байсан юм байна. 
Миний бие долоон жилийн өмнө бичиж нийтлүүлсэн " Хээр талаас бичсэн захидал" хэмээх экологийн сэдэвтэй найман цуврал нийтлэлийг маань Америкийн Вашингтоны их сургууль сайтдаа тавьж, Парисын театруудад өнөө жил жүжигчилсэн тоглолт болгон тавьсан билээ. Сануулах үүднээс "Гуравдугаар захидал"-ыг цахим хуудсандаа дахин нийтлэе. Бусад захидалыг "Гол ус тунгалагших цаг" номоос минь уншаарай.


МОНГОЛЫН ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛ №3

“Гол ус хүмүүний зүрхэн дундуур урсдаг” Монголчууд ийн хэлэх дуртай. Хүмүүн бол газар шороо уул усны нэгэн хэлтэрхий нь бөгөөд дэлхийгээс ундрах ус булгаа эхийн сүү мэт шимэж, нэгэн насыг элээгээд буцаж газар шороондоо шингэнэ. 
Нүүдэлчин монголчууд ус булаг, нуур цөөрөм гол мөрөн бүхэн эзэнтэй хэмээн үзнэ. Эгэл нүднээ үл үзэгдэх хий бод тэр амьтадыг лус хэмээн нэрлэж түүнтэй ойлголцон зохицож амьдрахыг эрхэм болгоно. Ус булагт сүү, цус, хир үл халдаахыг хичээж, гол усыг бохирдуулбаас лусын хорлол хэмээх өвчин зовлон ээрдэг хэмээн итгэнэ. Тал хээр нутагт гол мөрөн ховортойн эрхээр нутаг олноороо газар дэлхийгээ аргадаж, газар лусын эздэд аргагүйн эрхэнд хөндөж буйгаа учирлан худаг ухаж хүн малаа ундаална. Тиймээс ч бид нар “ус бол чандмана эрдэнэ” хэмээн хэлэх дуртай. 
Өнөөдөр ус булаг, нуур цөөрөм бохирдож, улмаар эх ундрага нь татран ширгэсээр байна. Сүүлийн арав гаруй жил алтанд шунагсад хаа сайгүй цооног ухаж хүдрийг гаргаад ус булагийн цэнгэг усыг бохирдуулан алт угааж, газар дэлхийгээ шарх сорви болгож хүн малыг хордуулсаар байна. Монгол орны эдийн засаг нийгмийн шилжилтийн хүнд бэрх цаг үеийг овжиноор ашиглагсад биднийг “алтан дээр сандайлсан гуйлагчид” хэмээн хочлоод алтыг чинь аваад баяжуулаад өгье гэж хошгоруулсаар боловч төр засгийн эрх мэдэлтэн цөөхөн хүн, тэдний түнш гадаадын компаниудын хэдхэн эзэд улсаас минь баян болсон боловч ард түмний амьдрал сайжирсангүй, харин үлэмж хэсэг нь улам ядуурсаар байна. Ийнхүү алтыг нь ухаад, гол усыг нь бохирдуулаад оронд нь эмгэг өвчин орхиод тэд алга болно. 
Зөвхөн 2007 оны гол усны тооллогоор Монголд байсан 18610 гол, нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 нь ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байна. Дээрх тоо одоо ч нэмэгдсээр байна. Монголчуудын түүхийн хэдэн мянган жилийг тольдон урссан Хойт мөсөн далайн цутгал болох Орхон голын сав газар алт олборлож буй компаниуд алт угаасан усаа Орхон гол руу юүлж бохирдуулсан нь эдүгээ болор тунгалаг Орхон улаан хоормог болон урсаж эхэллээ. Энэхүү мянган жилдээ нөхөгдөшгүй гамшигийг таригчид нь бизнесийн нэгэн эрх ашгаар төр засгийн нөлөө бүхий хүмүүстэй аалзны тор мэт холбогдсон учраас тэд ямар ч ял зэмгүй, завшаад л явж байна. 
Монголд гол усаа авран хамгаалах хөдөлгөөнүүд олноороо байгуулагдан тэмцэж байгаа ч авилгалд идэгдсэн төр засгийн олигархиудын өмнө хүчин мөхөсдөж байна. Тэднийг дийлэх хүч гагцхан л байна, тэр бол үйлийн үр. Эмгэнэн гашуудаж, энэлэн зовж буй энэ олон ус булаг, гол усны эзэн лус нар нэг л өдөр хилигнэн босохыг хэн мэдэх вэ? Өнгөрсөн онд Японд болсон цунами, аймшигт газар хөдлөлт, атомын цахилгаан станцын осол бол хүн төрөлхтөнд өгч буй Дэлхий ээжийн томоохон сануулга байхаа! Цөмийн эрчим хүчийг хадгалагч сав хичнээн бат бөх гэх боловч байгалийн хүчин зүйлийн өмнө ямар өчүүхэн юм бэ? Номхон далайн халим загасыг ангуучлан ихэс дээдсийн тансаглах ширээний нэгэн оройн зоог болгоод маргааш нь жорлонгийн тосгуураар хог шавхруу болгон хаях мэтийн технологийг үй олноор нь буй болгох боловч, хилигнэсэн далайн уурсан оволзох хүчит давалгааны дэргэд хүний бүтээл өчүүхэн болохыг дэлхий даяаараа бид харлаа шүү дээ. Далайн тэрхүү аймшигт түрхрэлтийг орчин үеийн шинжлэх ухаан технологийг тэргүүлэн буй Япон орны цаг агаар тандах багаж хэдхэн минутын өмнө мэдсэн байхад нүүдэлчдийн ажиглалтаар арван хэдэн хоногийн өмнөөс дохиогоо өгсөн юм билээ!
Нүүдэлч малчид шувууны нисэлт, зээр гөрөөсний гүйдэл, адуу малын аяг, од сарны байршил дохиог ажиглаад ирэх өдрүүдэд, угтах саруудад, эсэргэн жилд байгаль цаг агаарын ааш араншин, хөдөлгөөнийг мэдэж тооцоолно. Үүлний өнгө тас хар болох буюу наран шингэн мандахын үед галт бөмбөлөг мэт гэрлэн бөөгнөрөл үүсэх, салхи чоно мэт хуугин улих, газраас хүхэрлэг үнэр гарах, ус булингартан эргэлдэх, нохой гаслан гангинах зэрэг үзэгдэлүүд нь газар хөдлөх, дэлхий шилгээхийн ёр хэмээн үзээд зээр гөрөөс үхэр малын нутаг сэлгэх хөдөлгөөнийг ажиглан нүүдэллэнэ. 
Байгалийн амьд ус бол тухайн газар нутаг хийгээд тэндэхийн газрын хэвлий дэх эрдэс баялаг, тэр нутагт амьдрагч хүмүүний оюун санааны бүхий л мэдээллийг хадгалж байдаг бөгөөд “унасан газар, угаасан ус” хэмээн монголчуудын хэлдэг нь түүнтэй холбоотой. “Эх нутаг”, “эх орон” хэмээх хэллэг нь зөвхөн утга зохиол, яруу найраг дахь хайр бахархалыг илэрхийлэгч үг төдий бус ажээ. Төрсөн нутгийнх нь ус булгийн бүтэц нь тухайн хүний биологийн бүтэцтэй ижил байдаг болохыг шинжлэх ухаан саяхан нотолжээ. Эхийнхээ хэвлийд байхад нь харьд худалдсан унага нутагтаа гүйж ирсэн тохиолдол нэг бус бий. Энэ нь амьд амьтан ус нутаг хоёрын шүтэлцээтэй таталцалын хүч ажгуу. Монгол нүүдэлчдийн эх нутгаа гэх дотоод хүч нь чухам үүгээр тайлбарлагдана. 
Гол ус өөрийн хөвөө эрэг даган юу болж буйг мандал, долгио, дусал болгондоо тольдохын хамт ой санамжиндаа хадгалан сайн муугаар нь дэнслэн, нэг л өдөр хариугаа барьдаг хэмээнэ.

Хүмүүс ээ! Манай дэлхийн бөмбөрцөгийн өчүүхэн аглаг чөлөөнд торж үлдээд байгаллаг зөн билиг, уламжлалт ахуй, онгон зэрлэг байгалиа цэвэр тунгалагаар нь хадгалан буй энэ цөөхөн нүүдэлчдийг унаган хээр талтай нь хэрхэн аварч хамгаалах вэ?

Дэлхий ээждээ илгээх үгийг минь давтан хэлж эрчимжүүлэхийг гуйж байна. 
Миний тарни: ДЭЛХИЙ ЭЭЖ ТАНДАА БИ ХАЙРТАЙ

Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2012.01.08
"Өнөөдөр" сонин 2012
"Гол ус тунгалагших цаг" УБ2017

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen