У.Хүрэлсүхийг огцруулж чадсан бол Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв

2018 оны 11-р сарын 19-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул УИХ-ын эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн уг ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг төдийгүй У.Хүрэлсүхийн эсрэг сөрөг сурталчилгааны ажлыг санхүү болон удирдлагаар хангагч, мөнхүү  улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах үүргийг хариуцсан холбогч байсан тухай бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл тэд У.Хүрэлсүхийг огцруулаад дараа нь Ерөнхий Сайд болох хүнийг ч тодруулсан байжээ.  УИХ-ын нэр бүхий 27 гишүүн эхлээд Ц.Нямдоржийг Ерөнхий Сайд болохыг хүссэн ч тэрээр өөрөө татгалзаж, УИХ-ын дарга болохыг хүссэн аж.

Иймээс ч дотроо хэлэлцэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв. Гэвч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганаар огцроогүй тул улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм.

П.Энхмандах

Эх сурвалж: sonin.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen