Ял завшигчид

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд ял завших үзэгдэл хэрээс хэтэрлээ. 
Гэмт хэрэгт холбогдоно, хуулийн байгууллагад шалгуулж байгаад улмаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгох, хэргээ цагаатгуулсан өчнөөн тохиолдол байна. Яагаад улс төрийн нэр нөлөө бүхий томчууд хариуцлага хүлээхгүй ял завшиж, улс эх оронд их хэмжээний хохирол учруулаад байна вэ.
Жишээлбэл, МХЕГ-ын хоёр хурган дарга тэрбум төгрөгийн авлига авчихаад бүтэн хоёр жил хууль хяналтын байгууллагын үүд хаалга сахичихаад өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй нэг нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нөгөө нь торгуулаад өнгөрч байх жишээний.
Эдгээр хүмүүсийн араас өнөөдөр ял завшихаар хүлээж буй өчнөөн хүмүүс байна.
Тэдний нэг нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн хэргийг мөн ирэх есдүгээр сар гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ял завших гээд байна гэсэн мэдээлэл гарч эхлэв.
Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан.Уг Стандарт банкинд төлөх ёстой байсан уг мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн талаар мэдээлэл хийж байсан билээ. 
Ийнхүү Ш.Батхүүгийн тарьсан балагийг Монгол Улс цайруулсан. Түүнд Монгол ямар өртэй юм бэ. Ер нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдчихоод байхад хуулийн цоорхой буюу сиймхий ашиглаж хэргээ цагаатгадаг муухай жишиг тогтсон. Шударга хууль шүүхийн байгууллага ч гэж байхгүй байна. Магадгүй ирэх сард Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болжээ гэвэл нэг их гайхах зүйл байхгүй болов уу.
Зам тээврийн яамны газрын дарга Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсныг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасаны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Мөн бусдыг эрүүдэн шүүж, гэмт хэрэг тулгасан гэх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг сүр дуулиантай шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Ирэх даваа гарагт болох шүүх хуралдаанаар тэднийг яллахуу, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох уу гэдгийг харна.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэд ял завшина, ял авахгүй гэх мэдээлэл байгаа. Гэвч хэрэг хийгээгүй хоёр хүнийг хилс хэрэгт унагааж, хүчээр хэрэг хүлээлгэж, ял үүрүүлсэн нь тогтоосон гэх. Одоо тэгэхээр шүүхээс ямар шийдвэр гаргахыг л харах үлдлээ.
Мөн бас нэг дуулиантай хэрэг бол хүн амины хэрэгтэн Б.Махбалын үйлдсэн хэрэг нам гүм болов.
Шүүхийн байгууллагаас мөрдөн байцаалтад буцсан энэ хэргийг бас л ял завшихаар хүлээж байна гэх. ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сард хэлтсийн дарга Г-г зодож амь насыг нь бүрэлгэсэн байгаа. Гэвч бүтэн нэг жилийн хугацаанд шалгагдсан энэ хэргийг эцэслэн шийдээгүй, шүүх дээр хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд сүүлдээ дахиад мөрдөн байцаалтад буцаасан байгаа юм.
Энэ мэтчилэн хэргийг шалгах явцыг сааруулж, хойшлуулж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дуусангуут хэргийг хэрэгсэхгүй болгож, үхсэний хохь амьдын зол болгоод өнгөрөх вий гэсэн хардлага сэрдлэг хаа сайгүй байна.

О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen