Хятадын аппарат сарны ар талд 271 метр газарт судалгаа хийжээ

Энэ оны нэгдүгээр сарын 3-нд сарны ар талд амжилттай газардсан, Хятадын "Чанъэ-4" тандагчийн бүрдэл хэсэг болох саран дээр явагч "Юйту-2" аппарат долоон сарын хугацаанд 271 метр газарт судалгаа хийсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.  Тус агентлагийн мэдээлснээр, "Чанъэ-4" буугч модуль болон "Юйту-2" аппарат дэлхийн хоногоор 14 орчим өдөр үргэлжилдэг сарны ээлжит нэг өдөр дууссаны дараа лхагва гарагт Бээжингийн цагаар 17:00, 17:50 цагт "унтлагын горимд" шилжсэн байна. Саран дээр явагч сарны шөнө /дэлхийн хоногоор 14 өдөр үргэлжилдэг/ дууссаны дараа судалгаагаа үргэлжлүүлэх аж.

"Юйту-2" ээлжит судалгаагаа хийх явцдаа сарны хөрсний бүтцийг судалж, оддоос ялгардаг нейтрон цацраг туяаг хэмжсэн байна. 

"Чанъэ-4" аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн юм. Уг аппаратыг сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээжээ. "Чанъэ-4"  нэгдүгээр сарын 3-нд сарны нөгөө талд амжилттай газардсаныхаа дараа дэлхийн цорын ганц дагуулын ар талын гадаргуугийн анхны зургийг авсан билээ. Хятадын эрдэмтэд одоо "Чанъэ-5" аппаратыг бүтээж эхэлсэн бөгөөд сарны тойрог замд оруулахаар төлөвлөжээ. “Чанъэ” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн байна.   

Д.Жаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen