Саран дээр тооцоолж байснаас их ус байж магадгүй
Сарны туйлууд дахь тогоонуудад удаан хугацааны туршид судалгаа шинжилгээ хийх болон дэлхийн дагуулыг колоничлоход ашиглаж болох хангалттай хэмжээний ус байж магадгүй тухай Америкийн эрдэмтдийн шинэ судалгаанд дурджээ. АНУ-ын Лос-Анжелес хотын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд болон Америкийн сансар судлалын NASA агентлагийн Сарны хайгуулын аппарат төслийн удирдагчид Саран дээр өмнө нь тооцоолж байснаас их ус бий талаар дурдсан судалгаагаа нийтэлсэн байна.
“The Weather Channel” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд Буд болон Сарны 2.5-15 км-ын голчтой 15 мянга орчим тогооны талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр мэдээллийг гараг хоорондын “NASA MESSENGER” болон “LRO” станцаас хүлээж авчээ.
Сарны туйлуудад асар их мөс бий гэж NASA, Хавайн арлын их сургууль болон Брауны их сургуулийн судлаачид өнгөрсөн жил мэдэгдэж байв. Сарны туйлууд дахь нарны гэрэл бараг тусдаггүй, температур нь Цельсийн хасах 120 градуст хүрдэг тогоонуудаас ус олджээ. Судлаачдад тулгарсан гол бэрхшээл нь усны хэмжээг тодорхойлох байв. Үүний тулд дэлхийн дагуулын туйлууд руу сансрын тусгай аппарат илгээх шаардлагатай аж. Хэрэв Саран дээр их хэмжээний ус байгаа бол түүнийг түлш гарган авахад болон урт хугацаагаар судалгаа хийх, Сарыг колоничилж магадгүй үед хүмүүсийн амьдралыг дэмжихэд ашиглаж болох гэнэ.
Д.Жаргал