“500 саяыг намдаа өгч дарга болсон” гэгддэг Т.Мөнхсайхан Нэгдүгээр эмнэлгийг УДИРДАНА
Улсын нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг 2019.07.05-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийжээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайхан томилогдсон байна.
Олон нийтийн мэдэхчлэн, Т.Мөнхсайхан өмнө нь ГССҮТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр “Би МАН-д 500 сая төгрөг өгч дарга болсон” хэмээн ярьсан гэгдэж, хэвлэлүүд “ГССҮТ-ийн захирлын албан тушаал 500 сая төгрөгийн үнэтэй юу” гэхчлэн бичиж байсан билээ.
ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа бүтцийн оновчгүй өөрчлөлтүүд олноор хийж, эмнэлгийн аж ахуйн ажлуудыг эмх цэгцгүй болгосон, сонгуулийн сурталчилгаанд хүчээр явуулсан эмч нарын багийн автомашин осолд орсон зэргээр хэвлэлүүд бичсэн байдаг.
Шинэ нисэх онгоцны буудлын нээлт, хаврын чуулганы хаалт, ээлжит бус чуулганы нээлт давхацсан өдөр Т.Мөнхсайханыг Нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирлаар “чимээгүйхэн” томилсон нь анхаарал татаж буй юм. Тэрбээр ажлаа авсан даруйдаа “Би багаа дагуулж ирнэ” гэж мэдэгдсэн байна.
Т.Мөнхсайханы гэнэтийн томилгоонд мэргэжлийн хүрээнийхэн нь “ГССҮТ-ийг “самарсан” хүнээр эрүүл мэндийн салбарын 2/1-ийг ганцаараа авч явдаг Нэгдүгээр эмнэлгийг удирдуулж байгаа нь буруу. Нэгдүгээр эмнэлэг олон талт үйл ажиллагаатай учир Т.Мөнхсайхан удирдаж чадахгүй” гэхчлэн ярьж буй юм.
Түүнчлэн эх сурвалжуудын зүгээс “МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй намын томчууд Т.Мөнхсайханыг хүчээр томилуулсан. Энэ нь намын санхүүжилт босгох зорилготой” зэргээр ярьсан нь анхаарал татав.
Ж.МЯДАГБАДАМ
ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN