АЛТАН ЖҮН ЖОР /өгүүллэг/

СГЗ Долгорын Цэнджав

Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

— Ээ бурхан минь гэж! Хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:
— Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав. Тэр халуун цай хэд оочоод духанд нь хүйтэн хөлс чийхарснаа бие нь гайгүй тавирав.
“Хөгшин азарганы дэл нь сүртэй” гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон түмэн эгээ л бурханчлаад энэ хүүг ер тоох янзгүй. Шавьдаа мамба дацангийн хамбын олбогоо шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй хадгалсан “Алтан жүн жорынхоо, нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлэхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс халивал нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богинодоно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илүү. Өнгөнд нь магтдаггүй болохоос биш, миний шавьд цаст Төвд орны босго ч өндөрдөхгүй. Цагаа болохоор ч” гэж хэнд ч сонсогдохоор хэлчихээд зовинов.
— Багшаа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зөөлөн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг, ламын тогоо, шанага хангинуулахдаа хүү сайн мэддэг болжээ.
— За хүү минь элтээрийн чамд заасан есөн эрдэнэ, таван махбодь шингэсэн танг гаргах аргыг тайлснаар багшийн чинь насны хүслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантын яс шиг болжээ. Байдаг чөмгөө чамаас харамласангүй. Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз гэхэд
“Жа болгооё багшаа” гэж хүү чимээгүйхэн алга хавсрав.
— Хачин шүү. Энэ хүүгийн зүүн нүдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг санагдаад, бие хаа нь өсч томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч. Очиж, очиж даахиныхаа үнэрийг гээгээгүй шахуу нялх амьтныг хардах нь уу даа. Зөнөг залгах нь байна гээч гэж өвгөн өөрөөсөө жийрхэв.
Шөнө огт танихгүй газар мориор шогшиж яваад “Энд таван төрлийн эмийн ургамал байна, үнэрээр нь нэрлэ” гэхэд энэ л хүү яг олоод хэлчихдэгсэн. Тэр ч байтугай нүдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор бурхан минь.
“Яахав дээ, Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч үлдэнэ” хэмээн өвгөн бахархаж утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж хэвтэв.
— Багш аа, тан бэлэн боллоо гэх бүдэг дуунаар өвгөн ур шиг доош нь унжсан үрчлээтэй зовхио алгуур нээж, надаас нэг өдрийн түрүү амжиж байна шүү. “Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр” гэж энэ дээ гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлогийн шөлний нялуувтар үнэр гэр дүүрэн ханхална. Хүү газар шүргэсэн орхимжоо зассанаа түмэн өлзий хээг ган утас гүйлгэн цувсан мөнгөн гүцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа өөдөөс барилаа. Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наминчилж уншлагаа тайвуухан дуусгаад түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо.
Гүцний тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв, Өөртөө үл итгэсэн янзтай гайхширснаа дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтагнаж шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ. Хүүгийн нимгэн шар хацар час улайж хамар дээгүүр нь хөлс бурзайна.
— Хүү минь, шавь минь! Чи үүнийг хийчихлээ гэж үү дээ? хэмээн цаанаа бядгүй дуугаар арайхийж асуув.
— Тиймээ, багшаа! Би, би гэж хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочив.
… Аа ийм учиртай сүүдэр байж! Одоо надаас авах юмаа авч ханаж! Аваагүй үлдсэн юм юу билээ. Хамбын суудал. Аграмбын зиндаа алдар нэр юм байна. Тэр сүг сүнс нь нүдэнд нь орчихсон надад үзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ. Гончигсум! Эм, хор хоёрыг ялгахгүй байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нүгэлтэй чаралбыг гэмгүй түмний дунд орхиж болохгүй. Эрлэг Номун хаанд л хамт очоод өчигөө мэдүүлье гэж өвгөн эргэцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас цочмог барив Хүүгийн царай үнсэн саарал болж, уруул нь өмөлзөн арагшаа ухарлаа.
— Yгүй ээ. бурхан тахилынхаа өмнө шавийнхаа сүүдрийг үргээх гэж үү? Yйлийн үрийн эзэн нь ерөөсөө би юм байна. Тэр “Алтан жүн жорыг” өдий болтол илчлээгүй гор нь гарч” гэж шивнээд сунгасан гараа татав.
— Шавь минь чи үүнийгээ үнэндээ надад зориулсан уу? гэхэд хүү харцаа ширдэг дээр унаган толгой дохив.
— За тэгвэл багш нь хүртьеэ, шавхруу ч үлдээлгүй хүртье гэж цэл хүйтэн уруулынхаа дор гүцийг авчран шавиа юу хэлэхийг хүлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. Жа гүйцээе гээд өвгөн гүцтэйг ховх соров. Дэндүү эрдэм чадал төгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн аграмбын гараас мөнгөн гүц сугарч хүүгийн өлмий доор өнхрөв. Хэрвээ энэ үед өвгөн маарамба нэгээхэн удаа зовхио нээсэн бол өөртөө авч үлдсэн “Алтан жүн жор” хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсч байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсныг олж харах байлаа.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen