SOS:Улаанбаатарын барилгуудын 80-90 хувь цуурч эхлээд байна
Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар 1996 оноос хойш ашиглалтанд орсон орон сууцны барилга байгууламжуудад үзлэг, шалгалт хийхэд Улаанбаатар хотын нийт барилга байгууламжуудын 80-90 хувь цууралт бяцралт үүсч, цаашид он удаан жил ашиглах боломжгүй болж байгааг илрүүлээд байна.
Тус ТББ, УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албаныхантай хамтран ан эвдрэлт, цууралт үүсээд байгаа 300 гаруй барилгын зургийг баримтжуулан олон нийтэд мэдээлж эхлээд байна.
Үүний шалтгаан нь маш энгийн 1990-ээд оноос хойш Монголын бараг бүх барилгын компаниуд Туул голоос олборлосон элс, хайргыг ашиглан барилга барьж буй. Гэтэл голын тохойн ийм элс хайрга, стандартын шаардлага хангахгүй, барилгын даацыг дийлэхгүй байдаг аж.
Та одоо ч гэсэн ойр тойрныхоо барилгыг анзаарч хараарай. Энгийн нүдээр харахад л илт цууралт, ан цав үүссэн байх вий. Олон жилийн өмнөөс Улаанбаатарын барилгын дийлэнх нь газар хөдлөлт болбол нурах аюултай гэж анхааруулж ирсэн. Гэтэл өдгөө эхнээсээ баригдаад 10 орчим жилийн нүүр үзэж байгаа барилгууд газар хөдлөлт ч болоогүй байхад хар аяндаа цуурч эхэлжээ. Энэ бол хэдэн жилийн дараа барилга газар хөдлөлт болоогүй байхад ч нуран унах аюултай гэсэн үг.
Та өөрийн амьдарч буй барилгаа анхааралтай сайн хараарай. Хэрвээ цууралт үүссэн байх юм бол нурах аюултай гэсэн үг. Энэ бол уг нь таны өмч хөрөнгө, аюулгүй амьдрах орон гэр тань. Гэтэл өчнөөн хөрөнгө мөнгөөрөө барьсан барилга тань жил ирэх тусам суулт, цууралт өгч үнэгүйдэж байна. Цаашилбал нурж унаж, амь нас эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл байна. Аймшигтай байгаа биз. Яг ийм цууралт, суулт, ан цавтай байшингууд байвал бидэнд хандаарай. Монгол улсад өнөөдөр гамшиг үүсгэж болзошгүй байгаа энэ асуудлыг хамтдаа хөндөн тавьж, тэмцэцгээе, амь нам эрүүл мэндээ хамгаалцгаая. Хэрвээ таны байр орон сууц болон ойр тойрны тань барилгууд ан цав, цууралт үүссэн байгаа бол 99110960 утсанд хандаарай. Мөн зургаа комментоор илгээгээрэй.
Бүгдээрээ хамтдаа Монгол улсад барилгын стандартыг сайжруулахыг шаардан амь нас эд хөрөнгөө хамгаалцгаая.