Монголд ядуурлыг дийлэх юу ч алга
Сүүлийн хоёр жилд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн. Экспортын орлого долоон тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг 6.7 хувьд хүрсэн. Улсын төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан. Өнгөрсөн онд хоёр тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан. Өөрөөр хэлбэл сар бүр 85-220 орчим сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирснийг төлбөрийн тэнцлийн тайланд дурджээ. Энэ мэт өсөлтийг дурдаад ханахгүй. Гэвч энэ нь хаана шингэж, аль салбарыг услаа вэ.
Монгол Улс хоёр жил тутам ядуурлын түвшингээ тодорхойлдог. Энэ нь тэгш жил буюу 2014, 2016, 2018 онд таардаг бөгөөд түвшингээ дараа жил нь буюу сондгой жилүүдэд тайлагнадаг. Тэр утгаараа өнгөрсөн оны ядуурлыг түвшинг өнгөрсөн баасан гарагт тайлагнасан хэрэг. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан “Ядуурлын дүр төрх 2018” судалгаагаар сүүлийн хоёр жилд Монгол Улсын ядуурлын түвшин 1.2 функтээр бууж, 28.4 болжээ. Ядуурлын дүр төрх судалгааг хийж байхад буюу 2018 онд Монгол Улсын хүн ам 3.2 сая байжээ. Ингэхэд тэдний 904 сая нь ядуу гэсэн үнэлгээтэй гарсан байна. Ядуу гэдэгт сард ногдох мөнгө нь 166580 төгрөгөөс доош хүнийг багтаасан байдаг. Энэ мөнгийг сард хуваавал тэр хүний өдрийн хэрэглээ 5552 орчим төгрөг. Гэхдээ 166580 төгрөг гэдэг нь ядуу гэдэг ангилалд орогсдын хамгийн их хэрэглээ. Дээрх мөнгөн орлогогүй хүмүүс ч энэ дунд бий. Тус судалгаанд дурдсанаар хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-2018 онд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна. Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна. Бүс нутгийн хувьд авч үзэхэд Зүүн бүсэд ядуурал 6.6 пунктээр, Баруун бүсэд 4.3 пунктээр, Хангайн бүсэд 2.7 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгджээ.
Ингээд тоон судалгаагаар харахаар ядуурал буурчээ. Харин хүн амаар нь аваад үзэхээр өнөөх л монголчуудын гуравны нэг нь ядуу хэвээрээ байна. Сүүлийн хэдэн жил ийм дүр зурагтай байгаа. Монголд ер нь ядуурлыг дийлэх юу ч алга. Монгол Улс хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, цаашид ашиг шимээ өгөх бус хөрөнгө шингээх, урсгал зардал нэмэх зүйлд хөрөнгө оруулж, дансаа хоосолдог.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа
Төсөвт 370 гаруй барилга байгууламжийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын дотоод хэрэглээний 270 тэрбум төгрөгийг хэмнэх хэрэгтэй. Ирэх жил 700 гаруй тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Гэхдээ шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт тусгаагүй байна.
Эдийн засагч Г.Ганзориг
Миний харж байгаагаар Монголд ямар ч томоохон өөрчлөлт явагдахгүй байна. Төлбөрийн тэнцэл буюу Монгол Улсад орж, гарч байгаа валютын урсгалыг харахад энэ бүтэц ерөөсөө өөрчлөгдөөгүй. Авдаг бүтээгдэхүүн нь ч, зардаг нь ч тодорхой. Тэтгэврийн зээлийн сан, нийгмийн даатгалын асуудал байж л байдаг. Бүгд ямар байгааг нь мэддэг. Тэгсэн хэрнээ тогтолцоо нь өөрчлөгдөхгүй, дээрддэггүй. Иймэрхүү бүтцийн өөрчлөлт манайд хийхгүй байгаа юм. Хэрвээ энэ чигээрээ цаашаа үргэлжилбэл, тэнд найтаахад энд хатгаа авсаар л байх болно. Бид маш хүчтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг бодлогоор шийдэхгүй бол иргэн Батаа эдгээр асуудалд хэчнээн санаа зовлоо ч үүнийг шийдэж чадахгүй.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа
Ер нь, хөгжиж буй орнуудын тухайд ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд буюу нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг. Дэлхийн банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт нь ядуурал бууруулах үндсэн нөхцөл мөн, гэхдээ энэ өсөлтийг үр дүнтэй хэрхэн ашиглаж чадах эсэхээс ядуурлыг бууруулах нь шалтгаална гэдэг.
Эх сурвалж: eagle.mn