“Facebook” криптовалют гаргах нь долларын ханшийг сулруулах уу

“Facebook” компани олон улсад хэрэглэх шинэ крипто валют гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. “Libra” хэмээх энэхүү валют нь жижиглэнгийн худалдаанаас авхуулаад олон улсын мөнгөн гуйвуулгад ашиглах боломжтой төдийгүй ойрын нэг жилдээ багтаан хэрэглээнд гаргах товтой байна.

Түүнчлэн энэхүү валютын санхүүжилт, бүтэц, хяналт зэрэгт “Paypal”, “Uber”, “Spotify”, “Visa”, “Mastercard” зэрэг 24 компанитай хамтран ажиллахаа мэдэгдээд байна  Энэ хүрээнд тус компани нэг тэрбум ам.долларын хөрөнгийг түншүүдээсээ босгохоор төлөвлөжээ. Хэдий тийм боловч энэхүү валют хэрэглээнд гарахаасаа өмнө АНУ-ын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгараад буйг бид мэдээлсэн. АНУ-ын Конгрессын санхүүгийн үйлчилгээний хороо Конгресс болон бусад зохицуулах байгууллагыг хяналт явуулж дуустал энэ валютыг хөгжүүлэхээ зогсоохыг шаардаад байна.

Эрх баригчдын зүгээс дижитал валюттай холбогдох хулгай, мөнгө угаах зэрэг эрсдэлээс үүдэн эсэргүүцэж байгаа гэлээ. Ялангуяа “Facebook” компани хэрэглэгчдийн мэдээлэл хамгааллын асуудалд холбогдсон гэдгээрээ ихээхэн маргаан дагуулаад байгаа гэдгийг онцолж байгаа. Гэхдээ зарим эдийн засагчдын хэлж байгаагаар тус улсын эдийн засгийн “хүчийг” сулруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа тул ийнхүү хязгаарлаад байгаа гэсэн мэдээлэл байна. Америк долларын ханшийг хөдөлгөж бууруулж магадгүй гэсэн шалтгааны улмаас ийнхүү Фэйсбүүк компанийн крипто хөгжүүлэлтийг зогсоогоод байна гэж хардаж байгаагаа эх сурвалжууд өгүүлжээ.

 Цукербергийн “Вант улс”-д зөвхөн Facebook биш бас WhatsApp, Facebook Messenger, Instagram, Snapchat, Sportify Music, Subway Surfers болон бусад хэд хэдэн том төслүүд ордог. Тиймд энэ арга хэмжээ нь криптогийн түүхэнд томоохон ул мөр үлдээх нь тодорхой юм.

Нэг талаас дээрх үйл явц нь  криптовалютыг хаа сайгүй нэвтрэх , зах зээл нь өсөх, нэр хүндийг нь дээшлүүлэх том алхам юм. Харин нөгөө талаас энэ үйл явдлыг төвлөрөлгүй ертөнцийг бий болгоход үзүүлэх хүчтэй цохилт гэж үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар олон альткойнууд Facebook-ийн валютад дарагдаж уусан алга болох магадлалтай гэсэн байлаа. Гэхдээ ийнхүү цахим мөнгө гаргах  үйл явц үргэлжилсээр байхыг тэд хэлж байна.

“Роланд Бергер” зөвлөх компанийн мэдээлснээр бол 2019 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан.Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдаж таарч байгаа юм.

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлийн хэлснээр , Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Ер нь ийм 3 гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хоёрт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Гуравт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд, жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм.

Манай улсын хувьд Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа гэсэн мэдэгдлийг гаргаад буй.  Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд  Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна хэмээн олон нийтэд анхааруулсныг энд онцольё.

Эх сурвалж: eagle.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen