Д.Трамп Ким Жөн Унаас захидал хүлээн авжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас захидал хүлээн авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Өнөөдөр хоёр удирдагчийн анхны дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ой тохиож байна. Д.Трамп мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ким Жөн Унаас "сайхан захидал" хүлээн авсан гэжээ. Мөн тэрбээр уг захидлаа маш халуун дулаан, сайхан захидал байсан хэмээн тэмдэглээд, цаашид маш эерэг зүйлс болно хэмээн найдаж байна гэж хэлжээ.
“БНАСАУ Ким Жөн Уны удирдлага дор хөгжих асар их нөөц бололцоо бий” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч онцлоод, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү захидал нь хоёр орны удирдагчид дахин уулзах боломжтой болохыг харуулсан байна.
Трамп, Ким нар өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт анх удаа уулзаж байснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хоёр талын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд хэвээр байна. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Солонгосын хойгт тогтвортой энх тайван дэглэмийг тогтооход хүчин чармайлт гаргахаар тохиролцсон боловч БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаарх тодорхой зорилтыг тусгаагүй юм. Хоёр орны удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсан хэдий ч талууд цөмийн зэвсгээс ангижрах явц болон хориг арга хэмжээний талаар санал зөрөлдсөний улмаас уг уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн билээ.
Э.Хулан