Монголын нүүрсний экспорт 21%, зэсийнх 12%-иар өсөв

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт оны эхний дөрвөн сарын байдлаар 4.3 тэрбум ам.доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхээс 15.4%-иар өслөө. Үүн дотроо экспорт 2.5 тэрбум ам.доллар (18.2%-иар өссөн), импорт 1.8 тэрбум ам.доллар (11.7%-иар дээшилсэн)-ыг эзэлсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин эрдсийн экспорт мөн хугацаанд 2.12 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 17.6%-иар нэмэгдсэн байна. Улсын нийт экспортын өсөлтөд нүүрс болон алтны экспортын өсөлт голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо онцоллоо.

Эрдсийн экспортыг орлогоороо тэргүүлж буй нүүрсний экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 963.5 сая ам.доллартай тэнцэж, 21.1%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр мөн хугацаанд 11.45 сая тоннд хүрсэн нь 10.9%-ийн өсөлтийг илтгэв. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сарынхаас 74 мянган тонноор буюу 2%-иар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5%-иар өссөн байна.

Зэсийн баяжмалын экспортыг авч үзвэл оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нийтдээ 489.1 мянган тонн баяжмал гадагш нийлүүлж 6.7%-ийн өсөлтийг үзүүлсэн бол орлогын дүнгээр 701.4 сая ам.долларт хүрч 11.8%-иар дээшиллээ. Харин боловсруулсан буюу цэвэр зэсийн экспортын тухайд нэлээд бууралттай байна. Тодруулбал цэвэр зэсийн экспорт биет хэмжээгээр эхний дөрвөн сард 3042 тонн байсан бол мөнгөн дүнгээр 18.5 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 35-40%-ийн бууралтыг илтгэв.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт эрдсийн экспорт дундаа мөнгөн дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол улсын алтны экспорт 4.7 тонн буюу 196 сая ам.доллараар хэмжигдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 36 орчим хувиар өсөлттэй байгаа гэсэн үг юм. Монголбанкны мэдээлж байгаагаар төв банк оны эхний дөрвөн сарын байдлаар нийтдээ 1.9 орчим тонн алт худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 43%-ийн бууралттай байгаа юм. Гэхдээ салбарын хуулинд өөрчлөлт орсноос хойш буюу дөрөвдүгээр сараас эхлэн алтны худалдан авалт өсөх дүр зураг тодорч байна.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 2.84 сая тоннд хүрч үнийн дүнгээр 159 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь биет хэмжээгээр 39.6%, мөнгөн дүнгээр 71.9%-иар тус тус нэмэгдсэн гэсэн үг.

Түүхий газрын тосны экспорт мөн хугацаанд 2.1 сая баррельд хүрч 118.5 сая ам.доллартай тэнцсэн нь орлогын хувьд 14.6%, биет хэмжээгээр 4.7%-иар тус тус буурсан гэсэн үг.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 54.1 мянган тоннд хүрч 29.8%-иар өссөн бол үнийн дүнгээр 78.7 сая ам.доллартай тэнцсэн нь ердөө 4.7%-ийн өсөлтийг үзүүллээ.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 151.8 мянган тонн буюу 55 сая ам.доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхтэй жишихэд жингээр 33.3%, үнийн дүнгээр 51%-иар тус тус өсөв.

Молибденийн баяжмалын экспортын тухайд оны эхний дөрвөн сарын байдлаар 1.9 мянган тонн буюу 16.1 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 13%-ийн өсөлтийг харуулж, биет хэмжээгээр ялимгүй бууралттай байв.

Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 6.6 мянган тоннд хүрч 15.23 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь биет хэмжээгээр өмнөх оны мөн үетэй ижил боловч үнийн дүнгээр 8.7%-иар буурсныг илтгэнэ.

Гянтболдын хүдэр, баяжмалын экспортын тухайд 90 тонн буюу 913 мянган ам.доллартай тэнцсэн нь биет хэмжээгээр 10%-иар өссөн ч үнийн дүнгээр 15.9%-иар буурсныг харууллаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen