“ТОРГОНЫ ЗАМ” САНГААС САНААЧЛАН “ПИТЕР ПЭН” ХҮҮХДИЙН МЮЗИКЛ ЖҮЖГИЙГ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ТОГЛОХ ГЭЖ БАЙНА

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр 2019 оны 10-р сард Соёлын Төв Өргөөний тайзнаа тоглох гэж байна. Энэхүү жүжигт сонгогдон оролцох хүүхдүүдэд мэргэжлийн уран бүтээлчид, багш нар дуу, бүжиг, жүжгийн хичээл заах бөгөөд тайз засал, хувцас, жижиг хэрэгсэл гээд бүхий л зүйлсийг мэргэжлийн өндөр түвшинд хийхээр ажиллаж байна.

Манай оронд хүүхдийн урлаг болон гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх үзвэр, арга хэмжээ хомс байгаа бөгөөд хүүхдэд зориулсан контентийг нэмэх, жүжигт оролцох хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнд мартагдашгүй нэгэн сайхан дурсамжийг үлдээхээр “Торгоны зам” сангаас санаачлан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.

“Питер Пэн” жүжгийн зохиолч Жэймс Барри 1897 оноос жүжгийн зохиолд шамдан орж, хэд хэдэн цуврал жүжиг бичсэн байдаг. Тэдгээр зохиолуудаас хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл болсон “Питер Пэн” жүжиг юм. Хэзээ ч хөгширдөггүй, зүггүй хүүгийн тухай үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж, мөрөөдлийг нь эргүүлэн авчирснаараа онцлог хэмээн тухайн үеийн театрын урлагийн шүүмжлэгчид хэлж байжээ. Энэ зохиолоороо Жэймс Барри алдар хүндээс гадна Гүн хэмээх цолыг хүртэж байж.

Уг зохиолыг 1953 оны хоёрдугаар сарын 11-нд Уолт Дисней пикчерс хүүхэлдэйн кино болгон анх удаа дэлгэцнээ гаргасан байна.

Тус жүжигт Питер нэрт жаалхүүгийн тухай мөн хүүхэд бүрийн мөрөөдлийн ертөнц болох “Хаана ч үгүй” арал, гэрэлт тоос цацруулан нисдэг бяцхан шидэт дагинасын тухай ч өгүүлнэ. Питер гэрээсээ оргон, “Хаана ч үгүй” арал дээр очсоноор мөнхийн балчир хүүхдээрээ, сүүн шүдтэйгээ үлддэг. Тэр мөн өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хөвгүүдийг олж, тэнд аваачин Дэгээ нэрт далайн дээрэмчдийн ахлагчтай тулалдан, улаан арьстнуудтай нөхөрлөн, лусын дагинастай найзалснаар адал явдалтай учирдаг юм.

Шотландын зохиолч Жэймс Барригийн “Питер Пэн, Венди хоёр”, “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт” зохиолууд нь XX зууны хүүхдийн уран зохиолын ноён оргилуудын нэг билээ.

“Питер Пэн”-тэй холбоотой сонирхолтой түүхийг сөхвөл, Жэймс Барри дотны найз Сильвия, Артур хоёрыгоо өөд болсны дараа тэдний таван хүүхдийг халамжлан хүмүүжүүлэгч нь болсон байна. Энэхүү Питер Пэний тухай гайхамшигт түүхээ өнчин үлдсэн тэр таван хүүхдэд зориулан бичжээ.

Түүнчлэн Питер Пэнд зориулсан хамгийн анхны хөшөө Лондон хотын төвд байрлах Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд 1912 оны дөрөвдүгээр сарын 30-нд сүндэрлэсэн бол үргэлж хүүхдээрээ үлдсэн Питер Пэний хөшөө дэлхийн зургаан хотод байдаг аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen