Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэвэл эрүүл мэндгүй, эрх чөлөөгүй болно

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэвэл эрүүл мэндгүй, эрх чөлөөгүй болно

 

Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа цагаан тахал аюулын хэмжээнд хүрлээ. Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэгчдийн тоо өссөн болохоос буурсангүй. Насны хувьд ч залуужиж. 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзлэж байна гэхээр бидний ирээдүй хаашаа явна вэ.

Хар тамхи дэлхий нийтэд тулгарч буй эмзэг асуудал яах аргагүй мөн. Өнгөрсөн 2018 оны дэлхийн хар тамхитай тэмцэх тайланд дэлхий нийтэд 15-64 насны 275 сая иргэн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах Сургалт, сурталчилгааны танхимыг өнгөрсөн сард  нээсэн билээ.

Тус төвөөр орж хар тамхины хор хөнөөл, энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалтай танилцсан юм.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн тоо, холбогдогч нэмэгдсэн. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн байдал ямар байна вэ, түүнтэй тэмцэхийн тулд ямар бодлого баримтлах, яагаад залуусын дунд идэвхтэй тархаж байна вэ, хор хөнөөл нь юу бэ, урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байна гэсэн олон асуулт нийгэмд бий.

Статистик мэдээллээс харахад Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой  2018 онд 199 тохиолдол бүртгэгдэж, 412 хүн энэ гэмт хэрэгт холбогджээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 6-нд “Гашиш” гэх нэршилтэй гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн байна. Ингэхдээ Испани улсаас олон улсын шуудан илгээмжээр явуулсныг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмжөөр ирлүүлсэн байгаа юм.

Сүүлийн үед олон улсын шуудан илгээмжээр гадаад улсын иргэд их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн хэргийг тус газраас шалгаж байна. Хил гаалийн ажилтнууд улсын хилээр орж ирж буй иргэдийн гараас дээж авч Англи улсад үйлдвэрлэсэн өндөр чадалтай техник хэрэгслээр 48 цагийн дотор хар тамхитай харьцсан хүнийг шууд илрүүлж байгаа гэнэ.

Одоогоор манай улсад гадаадын 7 иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа юм байна. Хамгийн сүүлд гэхэд Нигер улсын иргэнийг өнгөрсөн өвөл баривчилсан байгаа юм.
 
Хар тамхи удмын санг устгах аюултай
 

Он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг гэдгийг онцоллоо. Тус газраас мэдээлснээр мансууруулах бодис нь архины шарталтаас 60 дахин хүчтэй тул хүний биеийн бүх эрхтнийг гэмтээдэг хор хөнөөлтэй аж.

Албаны хүний хэлснээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд хайрлах хүндэтгэх сэтгэл гэж байхгүй, тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн тулд юу ч хэрэглэхээс буцахааргүй болдог аж.

Хар тамхинд донтсон хүн эдийн засгийн хараат байдалд орж хулгай дээрмийн хэрэгт холбогдож, мансуурсан үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор бэлгийн замын өвчтэй болсон тохиолдол ч бүртгэгддэг байна.

Нөгөөтэйгүүр хар тамхи удмын санг устгах аюултай. Та хар тамхи хэрэглэдэг бол таны хүүхэд эрүүл төрөх боломжгүй. Төрөлхийн гажигтай буюу уруул ам сэтэрхий, таван цул нь гэмтэлтэй, оюун ухааны хувьд ч эрүүл саруул хүүхэд төрөх боломжгүй гэдгийг албаныхан онцлов.

Мөн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүн эрх чөлөөгүй, эсвэл эрүүл мэндгүй болно. Донтолт нь амь насыг нь авна, эсвэл өргөст торны цаана суулгана.
 
Манай улсын ялын бодлого сул байдаг
 
Манай хоёр хөрш орнуудад хар тамхитай холбоотой хэрэгт оноох ял шийтгэл хатуу байдаг. Тухайлбал, БНХАУ цаазаар авах хатуу ялын бодлоготой бол ОХУ бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна.

Манай улсад сэтгэцийн нөлөөт эм бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд 5-8 жил хүртэлх хорих ял онооно. Давтан үйлдсэн бол 10-20 жил хорих ялтай юм. Тиймээс ялын бодлого хөнгөдөж, зөөлддөг учраас дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог байна.
 
Мансууруулах бодис хэрэглэж буй шалтгаан
 
  1. Ажилгүйдэл
  2. Эцэг, эхийн хараа хяналт дутмаг,
  3. Ялын бодлого
  4. Хар тамхины талаар хараа хяналтгүй мэдээлэл авдаг
  5. Зугаа цэнгэл
  6. Хар тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг дутмаг
  7. Зэрлэг ургамлын тархацтай
  8. Өсвөр насны хүүхдүүд нэгийгээ даган дууриах
Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байна
 

Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины төрлийн гэмт хэрэг огцом өсч энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны залуус, эмэгтэйчүүд холбогдож байна.

2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт 412 хүн холбогдсоноос 75 нь эмэгтэй бол ЕБС-ийн есөн сурагч хар тамхины хэргээр шалгагдаж байна. Өнгөрсөн жил 13 настай хүүхэд ч холбогдож байв. Гэхдээ насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Тиймээс таны хүүхэд хаана хэнтэй нийлж явна гэдэгт эцэг эхчүүд болон асран хамгаалагч, сургуулийн багш нар нь анхаарал сайн тавих ёстой.



О.Гэрэл
Оллоо.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen