УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛТЭЙ ЖУДАГГҮЙ БӨХЧҮҮД ОЛШРОХ ВИЙ
Сүүлийн үед Монголын үндэсний бөхийн хөгжил дэвшил, бөхчүүдийн ёс зүй, жудаг журам хаашаа яваад байгаа нь мэдэгдэхээ байлаа.
Ялангуяа залуу бөхчүүдийн ааш авир, гаргаж буй увайгүй үйлдэл монгол бөхөө дээдэлдэг, үздэг ард түмэнд таалагдахаа больж харин ч доромжилсон, бусдыгаа хүндлэхгүй байгаа муухай үйлдэл болж харагдах болов.
Бүр сүүлдээ барилдааны дэвжээн дээр нэг нэгнээ ёврох, алгадах, цохих, дэлсэх, өшиглөх нь хэвийн үзэгдэл болжээ.
Өчигдрийн Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан дээр гэхэд улсын цолтой хоёр бөхийн увайгүй муухай үйлдлийг харж, үзэгчид хоёр тал болон талцав. Муухай гэхэд дэндүү муухай авир гаргасан, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий хоёрт МҮБХ хариуцлага тооцох нь зөв болов уу. Монгол түмнээ доромжилсон үйлдэлд нь барилдах эрхийг нь хасах хэрэгтэй.
Эр бярандаа ханаж, ааг омогоо барьж чадахаа больсон одооны бөхчүүд унаж сур, тэгээд дараа нь тахимаа өгч сур гэсэн бичигдээгүй хуулиа биелүүлэхдээ дургүй болжээ.
Улсын харцага Б.Бат-Өлзийг учраа бөх нь давж, улмаар тугаа тойрч ирээд тахимаа авах хөл рүү өшиглөж байгаа муухай үйлдэл телевизийн камерт бичигдээд үйлдсэн байгаа юм.
Арслан Э.Оюунболдын хувьд улсын харцага М.Бадарчтай хүч үзэн барилдсан барилдаанд давчихаад гэдсэн дээр нь лаглайгаад сууж байгаа бичлэг залуу арсланг мөн л увайгүй харагдуулж байгаа юм.
Бөх үзэгчид болон бөхийн тайлбарлагчид янз бүрээр тайлбарлах ч тэрний буруу, өөрийнх нь буруу гэж шүүмжилж байгаа харагдана. Нөгөө бөхийн ёс жудаг, журамт ухаан гүндүүгүй ноён нуруутай байдал хаачив.
Харцага Б.Бат-Өлзийгийн энэ барилдааны байг хураах шийдвэр гаргасан. Энэ бол зөв шийдвэр, гэхдээ зөөлдсөн. Залуу хүн дахиж иймэрхүү алдаа гаргахгүй байх гэж итгэж найдахаас.
Ер нь бол орчин цагийн бөхчүүдийн хээвнэг, бүр огтхон ч санаа зовохгүйгээр гаргадаг үйлдлүүд олон байна. Тиймээс барилдааны дэвжээн дээр санаатай ч санамсаргүй ч алдаа гаргаж, учраа бөхдөө уур омгоо гаргадаг жудаггүй бөхчүүдийг журамлах цаг болсон. Бөхчүүдийн ааш авир хэр хэмжээнд хүрч эвдэрч байгааг харуулсан үйлдлүүд олон бий.
Өөрсдөө нэгэнт ийм хачин авиртай болсон болохоор бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлж, барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлж байгаа бөхчүүдэд хатуухан хариуцлага тооцдог байя.
МҮБХ дээрх журмыг өөрчилснөөсөө хойш хэн нэгэн бөхөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэлээ гэж мэдэгдээгүй байгаа ч хэд хэдэн бөхөд сануулга өгөхөөр тохиолдол гарсныг журмаараа шийдвэрлэнэ гэдэг.
Журмаар дээрх үйлдлийг гаргасан бөхчүүдийг олон нийтийн өмнө жудаггүй зан авир үзүүлсэн гэж үзэх ба тухайн бөхийг дүрмийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ёстой.
Барилдаан үзэж, баясаж цэнгэхээр ирсэн хүмүүсийг айж, цочтол авирладаг бөхчүүдийн хариуцлагын талаар үзэгчид өөрсдөө ч гомдол гарган, Бөхийн холбоонд хандахад болохгүй зүйл байхгүй.
Хатуухан хариуцлага тооцож байхгүй бол иймэрхүү увайгүй байдал улам даамжирч бид дэвжээн дээр яаж ч авирлаж болно гэсэн сэтгэхүй сууж, үзэгчдэдээ доромжилдог болно. Хайран сайхан монгол бөхийн нэр төр хаашаа яваад байгаа юм бэ. Харамсалтай байна.
О.Гэрэл
Оллоо.mn