Японы ханхүүгийн хичээлийн ширээнд хутга байрлуулсан этгээд баригджээ

Өнгөрсөн Баасан гарагт Японы хаан ширээг залгамжлах хоёр дахь хүн болох 12 настай ханхүү Хисахитогийн хичээлийн ширээнээс хоёр ширхэг хутга олдсон юм.  Ханхүүгийн сурдаг Токиогийн дунд сургуулийн хяналтын камерны бичлэгийг шалгахад 50 гаруй насны ажлын хувцас, дуулгатай эрэгтэй эзгүй байсан ангид нь нэвтэрч хутгануудыг тавьсныг илрүүлсэн байна.  56 настай Каору Хасегава гэгчийг энэ явдлаас гурав хоногийн дараа баривчилжээ. Байцаалтын үеэр тэр Японы хаант засаглалыг шүүмжлэн ярьж байсныг прокурорын эх сурвалж өнөөдөр мэдээлсэн байна.  Хасегава ханхүүгийн сурдаг дунд сургуулийг интернэтээс олж мэдээд ойролцоох зочид буудалд нь хэд хоногийн өмнө бууж, бэлдэж эхэлсэн гэнэ.  Тэрээр дэлгүүрээс хүнсний зориулалттай хоёр хутга худалдан аваад 60 см урт металл савааны хоёр үзүүрт туузаар ороож бэхэлжээ.  Улмаар энэ зэвсгээ ширээн дээр хөндлөн байрлуулж, нэг үзүүрийг нь  ханхүү рүү чиглүүлж орхисон байна.   Хутгануудын ирийг ягаан өнгөөр будсан байсныг цагдаа нар мэдээлсэн юм.  Япончуудын ихэнх нь дэлхийд хамгийн урт үе залгамжлан үргэлжилсэн хаант засаглалаа хүндэлдэг. Гэхдээ хаант засаглалыг халах ёстой гэж үздэг хүмүүс байдаг юм. Өчигдөр Нарухитог хаан сэнтийд залах үед Токиод хаант засаглалыг эсэргүүцэгч хэсэг хүмүүс жагсаал хийсэн бол үндсэрхэг үзэлтнүүд тэдэнтэй тулгарснаар цагдаа нар тусгаарлах арга хэмжээ авсан байна.     

Э.Сэмүүн

Эх сурвалж: Kyodo News

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen