Манай улсын мал сүрэг 66.5 сая толгойд хүрчээ
Мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж нийт хүн амын гуравны нэгийг шууд, гуравны хоёрыг шууд бус байдлаар ажлын байраар хангаж байна. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсч 2018 онд 3.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 5.9 хувиар нэмэгдлээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 580.0 сая ам.долларт хүрч өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллараар буюу 1.8 дахин өссөн дүнтэй байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүдэлтэй бэлчээр доройтон царцаа, үлийн цагаан оготнын тархалт ихсэж, бэлчээрийн усан хангамж хүрэлцэхгүй байгаа нь мал аж ахуйн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
Өнгөрсөн оны намар 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөж мал аж ахуйн бэлтгэл ажлыг хангуулснаар 8.7 сая толгой малыг отроор, 58.0 орчим сая толгой мал аймаг, сумандаа өвөлжсөн байна.
Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрч, 2017 оныхоос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өслөө.
Улсын хэмжээнд 1990 онд 74.7 мянган малчин өрхтэй байсан бол мал хувьчлагдсанаар 2000 онд 191.5 мянга болж нэмэгдсэн. Байгалийн эрсдэл буюу ган, зуд 2002, 2003, 2009 онд тохиосноор 2015 онд малчин өрхийн тоо 153.0 мянгад хүрч буурсан. Харин 2018 онд 169.7 мянган малчин өрхтэй болж 2015 оноос хойш малчин өрхийн тоо 16.1 мянгаар нэмэгдэж байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх нь бусад ажил эрхлэхээс илүү орлого олж байгаатай холбоотой.
Манай орны мал аж ахуй нь хэрэгцээт тэжээлийнхээ 90-ээс дээш хувийг байгалийн бэлчээрээс хангадаг. Статистикийн мэдээгээр 1989 онд 100 га бэлчээр, хадлангийн талбайд дунджаар 43 хонин толгой мал ногдож байсан бол 2018 онд 92 болж 2.1 дахин нэмэгдсэн. Дорноговь аймагт энэ үзүүлэлт хамгийн бага 20-оос 31, Орхон аймагт 222-оос, 740-д хүрч хамгийн их нэмэгдсэн бол Улаанбаатар хот төвийн аймгуудын бэлчээрийн ачаалал ихээхэн нэмэгдсэн байна.
Малын тоо 1990-2018 он хүртэл 29 жилийн хугацаанд 24.6 саяас-66.5 сая-д хүрч бэлчээрт үзүүлэх ачаалал 2.1 дахин, малчин өрхийн тоо 74.5 мянгаас 169.7 мянга болж 2.3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэг малчин өрх 1990 онд дунджаар 180 толгой малтай байсан бол 2018 онд нэг малчин өрх дунджаар 390 толгой малтай болж 210 толгойгоор нэмэгдсэн. Мөн төв болон хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн малын тоо 29 жилийн хугацаанд 9.7 саяаас 30.7 саяд хүрч, малын тоо 21.0 сая толгойгоор нэмэгджээ.
Дээрх тоо баримтаас үзэхэд бэлчээрийн даац хэтэрч бэлчээр талхлагдан доройтох, малын чанар муудан мал аж ахуйн үйлдвэрлэлээс олох малчдын орлого буурч ядуурал ажилгүйдэл нэмэгдэх, мал аж ахуйн салбарын байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах чадварыг бууруулах зэрэг сөрөг нөлөөтэй ажээ.