Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болжээ

Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болжээ

 

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт ням гарагт болж, олон мянган хүн оролцсон тухай радио, телевизийн “RTHK” компани мэдээлжээ.

 

Эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдын мэдээлснээр, БНХАУ-ын хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг тус улсын хүсэлтээр шилжүүлэн өгөх тухай шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаалд 130 мянган хүн оролцсон байна. Харин цагдаа нарын мэдээлснээр, уг эсэргүүцлийн ажиллагаанд 22 800 хүн оролцжээ.

 

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Козуэй-бэй худалдааны гудамжнаас жагсаалаа эхлүүлж, төвийн гудамжуудаар дайран Хууль тогтоох зөвлөлийн ордны дэргэд ирсэн байна. Хонконгчууд энэ сард хоёр дахь удаагаа ийм эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

 

"Нэг улс - хоёр систем" гэдэг нэр томъёоны дагуу БНХАУ-аас өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй байна. Ийм гэрээ байгуулахыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа юм. Уг гэрээг байгуулснаар Хонконгийн дотоод хэрэгт тавих Бээжингийн хяналт чангарна гэж тэд үзэж байгаа аж. Үүнээс гадна, эрүүгийн болон авлигын гэмт хэрэгтнүүд төдийгүй хүний эрхийг хамгаалагчид өртөж магадгүй гэж болгоомжилж байна. Одоогоор уг хуулийн төслийг Хууль тогтоох зөвлөлөөр хэлэлцүүлж байгаа аж.

 

Зарим мэдээллээр, Хонконгийн нутаг дэвсгэрт Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй 300 гаруй хүн нуугдаж байна. Хятадын эрх баригчид тэднийг шилжүүлэх авах сонирхолтой байгаа аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen