Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хуралд оролцож байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хуралд оролцож байна

 

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид нийт 2000 орчим төлөөлөгчид оролцож байна.

Хурлыг нээж БНТУ-ын Тэргүүн хатагтай Эмине Эрдоган, Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча, ДЭМБ-ын Европын бүсийн төлөөлөл болон бусад өндөр түвшний хүмүүс үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хурлын зорилго уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгож, эрүүл мэндийн үйлчилгээний шатлал бүрт тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зам, боломжуудыг хэлэлцэх, зонхилон тохиолдох архаг өвчнийг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээнд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудыг хэлэлцэж, харилцан санал солилцох явдал юм.

Мөн ДЭМБ-ын Уламжлалт анагаах ухааны 2014-2023 оны стратегийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, үйл ажиллагаа, сайн туршлага, судалгааны үр дүнгийн мэдээлэл солилцох, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, түүнд чиглэсэн хөтөлбөр, стратегийн чиглэлийг хэлэлцэнэ.
Мөн хуралд оролцох үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Турк Улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд болон Истанбул дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл байлцлаа.

Уулзалтын эхэнд сайд Фахреттин Коча хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу хөгжиж ирснийг танилцуулж, цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний олон улсын хурлыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын ЭМЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ.
Уулзалтын явцад Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын анагаах ухааны их сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах, эм эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-г өөрийн тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөв. 
Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний хурал 4 өдөр үргэлжилнэ.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen