Хэнтийн сонгууль АН-ыг бүтэн, С.Эрдэнийг намын даргаар үлдэх эсэхийг шийднэ

“Адуу үргэхээр илжиг дагаж точигноно” гэдэг шиг МАН-ын хоорондын зөрчилдөөн дунд АН парламентад бүлэггүй болоод хоцорсон” гэж АН-ын дарга асан Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв. Үнэндээ ч МАН-ын дотор өрнөсөн өвлийн улс төрөөс хамгийн их хохирсон нь АН, түүний УИХ дахь бүлэг байлаа.

МАН дотор бужигнаан дунд АН нэг гишүүнээ намаасаа хөөсөн бол нэг гишүүн нь намаас түдгэлзэх өргөдлөө өгсөн. Ингээд есөн суудалтай байсан АН долоон суудалтай болж хаврын чуулганы эхэнд бүлэггүй болсныг албан ёсоор зарласан билээ.

Хэрвээ АН Хэнтийн нөхөн сонгуульд ялалт байгуулбал энэ парламентад үлдээд байгаа нэг жилийн хугацаанд УИХ-д ахин бүлэгтэй байх боломж бүрдэх юм. Харин ялагдвал бүлэгтэй болж чадахгүйгээс гадна С.Эрдэнийг намын даргаас огцруулах акц АН дотор өнөөдрийнхөөс илүү хүчтэй, эрчтэй  өрнөнө. “Унжаад байхаар унаад ирээсэй” гээд Н.Алтанхуяг нар ч намынхаа ялагдлыг хүлээж суугаа нь түүний сүүлийн үеийн улс төрөөс харагддаг.

С.Эрдэнийн хувьд ч  намын даргын суудлаа хадгалж үлдэх гэж амь тэмцэж, тэр хэрээр АН-ын дотрох хагарал ил биш ч далд өрнөсөөр удаж буй. Наанаа намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгож, намынхаа үндсэн дүрмийг өөрчилж, намдаа шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн гэх боловч нидэр дээрээ парламентад есхөн суудал авсан АН парламентад бүлэггүй болно гэдэг намын доторх эв нэгдэл ямар хэмжээнд байгааг илтгэнэ. Хамгийн сүүлд гэхэд АН-ын С.Эрдэнэ энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн намынхаа шинэ байрны нээлтэд очоод намын гишүүд дэмжигчиддээ хөөгдөж байгаа бичлэг сошиал орчноор тарав. Энэ бол нэг талаас С.Эрдэнэ зарим дүүргийн намдаа үл итгэсэн, нөгөө талаар зарим гишүүд нь намын даргаа үл хүлээн зөвшөөрсөн тамганы л зодоон юм.   Мөн энэ сарын 4-нд хуралдуулахаар товлоод байсан Онц их хурлаа тодорхой бус шалтгаанаар цуцалсан юм. Хэрвээ Онц их хурлаа хуралдуулбал намын даргын өөдөөс дайралт ирж, тэр ч бүү хэл намын даргыг өөрчлөх асуудлыг ярина гэж болгоомжилсон учраас Онц их хурлаа хуралдуулахгүй байх шийдвэрт хүрсэн талаарх яриа улс төрийн хүрээнийхний дунд гараад амжсан.

Иймд энэ бүх галыг намжаах, энэ их зөрчлийн цаана намын даргаараа үлдэх ганц сонголт нь С.Эрдэнийн хувьд Хэнтийн нөхөн сонгууль болж байна. Хэрвээ тэнд ялагдавл АН-ын олон мянган гишүүдийн дунд “С.Эрдэнэтэй яваад бүтэхгүй юм байна, 2020 оны сонгуульд ялахгүй юм байна” гэсэн эргэлзээ нь итгэл үнэмшил болж хувирах магадлал илүү болно. Тэгэхээр С.Эрдэнийн хувьд нам нь бүлэгтэй байхаас илүүтэй энэ сонгуулиар  намын даргын суудлаа бөхөлж авах нь хамгаас чухал. Энэ улс төрд нь яг үнэндээ түүнд саяхан дэд дарга болсон Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа, Г.Батхүү нар нэг их тус болохгүй, тэд нийлээд ч С.Эрдэнийн эерэг ПиАр болж барахгүй, тэдний үнэ цэнэ нь Хэнтийн сонгуулийн ялагдалтай тэнцэхгүй. Ер нь Хэнтийн нөхөн сонгуульд АН ялагдвал АН-ын даргын суудал ганхахаас гадна намын даргын суудал булаацалдсан бүлэглэлүүдийн тэмцэл дунд Ж.Батзандан, Л.Болд нарыг дагаад АН задрахгүй, бутрахгүй гэх баталгаагүй.

Л.Одончимэг

Эх сурвалж: http://itoim.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen