ЕРӨНХИЙЛӨГЧ Б.НЯМТАЙШИРТАЙ ''НАЙМААЛЦСАН'' УУ
Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн цагаасаа эхлэн Монголыг олигарх 30 гэр бүлийн тухай ярьсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Уул уурхайн лицензийг өөрсдөдөө хуваарилж эх орны баялгийг цөөхөн буюу 30 гэр бүл эзэмшиж байгаа хэмээн мэдэгдсэн. Ийнхүү 30 гэр бүл гэх "хадны мангаа" маягийн гэр бүлүүд Монголд бий болсныг нийтээрээ мэдэх болсон.
Харин өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө 30 гэр бүлд багтаж байгаа эсэхээ чуулганы танхимд Ерөнхий сайдаас тодруулахад "Та болон танай МАК компани 34 лиценз эзэмшиж байгаа учраас та 30 гэр бүлд багтана" хэмээн амыг нь таглаж байсан удаатай. Энэ асуудалтай холбогдуулан МАК компанийн эзэмшилд очсон "Цагаан суварга"-ын ордын төрд авна гэх албан бус мэдээлэл газар авсан. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд хүчтэй яригдаж байсан энэ асуудал тэгсхийгээд намжмал байдалд орсон нь учиртай байж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч маань нөгөө 30 гэр бүлийн нэгд багтсан 30 гаруй лиценз эзэмшигч "МАК"-ын эзэн Б.Нямтайширтай "хөтлөлцөн" гүйж яваа дүр зураг олон нийтэл хүрлээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын ордон буюу “Мөсөн өргөө"-ний шав тавих ёслолд оролцсон юм. Энэхүү "Мөсөн өргөө"-г “Степпа Арена”, "UFC", "Ачит ихт", "МАК" зэрэг үндэсний бүтээн байгуулагч томоохон компаниуд 16 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах ам тангараг өгөв. Ийнхүү МАН-ын томоохон хөрөнгө оруулагч хэмээн нэрийддэг Н.Номтойбаяр гишүүний аав Б.Нямтайшир гэнэтхэн л нийгэмд тустай үйлсэд гар бие оролцохоор гарч ирлээ.
Магадгүй МАК-ийнхан "Цагаан суварга"-ын ордыг төрд авах сургаар ийнхүү "шинэ стратеги" хэрэгжүүлэхээр зэхсэн байх. Нэгэнт хэмжээлшгүй баян 30 гэр бүлийн нэг гэдгийг улс орон даяар мэдэж байгаагаас хойш, Б.Нямтайшир төрд хэрэгтэй зайран болж харагдахаар сэтгэл шулуудсан бололтой. Нэг үгээр гишүүн асан Г.Уянгын хэлдгээр Б.Нямтайшир хүүтэйгээ идээд ч барж дийлэхгүй "Цагаан суварга"-ын ордоо төрд хураалгахгүйн тулд Ерөнхийлөгчид тал засан гүйж байгаа бололтой. Энэ таамаг үнэн бол төрийн өндөрлөгүүдийн амнаас "Цагаан суварга"-ын ордыг төрд авна гэх үг хэсэгтээ унахгүй.
П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн