КАПИТАЛ БАНК ДАМПУУРЛАА. ДАРААГИЙНХ НЬ ХХБ УУ? ХАДГАЛАМЖАА ТАТСАН НЬ ХОЖИХ УУ
Монголбанкнаас ууган банкуудын нэг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн "Капитал" банкийг албадан буулгах шийдвэрийг өчигдөр гаргалаа.
Тус банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй гэж үзэн татан буулгаж байна хэмээн Монгол банкнаас мэдэгдэл гаргасан байдаг. Одоогоор хичнээн харилцагч иргэн хохирч буй мэдээлэл тодорхойгүй.
Харин төрийн гэж нэрлэгдсэн татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг Капитал банкны дампууралд “нэрвэгджээ”. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус банкинд байршиж байжээ.
"Капитал" банкинд 297 сая төгрөгөө хадгалуулсан нэгэн эмэгтэй 20 сая төгрөгөө ХААН банкнаас авах гэнэ. Харин үлдсэн 277 сая хэзээ, хэрхэн авахаа мэдэхгүй, үймж байгаа гэж ярилцлага өгсөн байна.
Тус банкинд 137 тэрбум төгрөгөө "алдсан" Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөө нэхэмжилж байгаагаа мөн мэдэгдлээ.
Цаана нь Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 7.6 тэрбум, ЖАЙКА төслийн 12 тэрбум, НД-ийн сангийн 109 тэрбум болон Хөгжлийн банкны 51 тэрбум төгрөг "оргүй" болжээ. (нийт 400 тэрбум).
Эхнээс нь татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулна гэсэн мэдээлэл хөвөрч байна. 99.98 хувийг нь эзэмшдэг УИХ-ын гишүүн Н.Ундармаа "Би хувь эзэмшдэггүй. Надад хамаагүй" гэж хэллээ.
Одоо тус банкинд эргэлдэж, байршиж байсан хэдэн зуун тэрбум төгрөгийг хаанаас яаж барагдуулах нь асуултын тэмдэг үлдлээ. Эсвэл Монголбанк хадгаламж, харилцагч эзэмшигчдийг хохиролгүй болгох уу. Төсөв болон төрийн мөнгө уйлдаггүй мэт эрх баригчид аашилж эхэлжээ. Саяхан "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг тэглэсэн. Тэгвэл одоо УИХ-ийн гишүүн Б. Ундармаа дахин татвар төлөгчдийн мөнгийг дампууруулж орхилоо.
Тэр мөнгө бол татвар төлөгч бидний хөлс хүчээрээ бүрдүүлсэн татварын мөнгө. Тиймд хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтний дампуурлын эрсдэлийг ард түмэн халааснаасаа төлөх ёсгүй. "Жаст"-ын Ш.Батхүү ч тэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар үүнийхээ төлөө ард түмнээс уучлал гуйх ёстой. Хэн нэгний өрийг төлж, өөр нэгний банкинд байршуулан дампуурсан нэрээр хийсгэх эрх ямар ч мэдэлтэнд үгүй.
Банкны дуулиан үүгээр дуусаагүй. Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотойгоор дампуурах нь гэх мэдээлэл тарсан.
Өнгөрсөн жил Олон Улсын Валютын Сан Монгол Улсад Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Монголын арилжааны банкуудад шалгалт хийхэд хамгийн муу үзүүлэлттэй хоёрхон банкны нэг нь Худалдаа Хөгжлийн банк гэж гарсан байдаг. Яагаад гэвэл Худалдаа Хөгжлийн банк асар том том зээлүүд гаргасан. Эд нар дээр төрийн мөнгө ч байна. Өөрсдийнх нь авсан мөнгөнүүд ч хэвтэж байгаа. Дээрх үзүүлэлт болон банкны удирдлагуудын дуулианаас үүдэж иргэдэд Худалдаа Хөгжлийн банкыг дампуурах нь гэх хардлага төрж буй. Ер нь тус банкнаас эртхэн хадгаламжаа татахад буруудах зүйлгүй хэмээн иргэд хардаж эхэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN