БХЯ-ын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Коста-Рика улсад болж буй салбарын сайд нарын хуралд оролцож, илтгэл тавьлаа

БХЯ-ын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Коста-Рика улсад болж буй салбарын сайд нарын хуралд оролцож, илтгэл тавьлаа

 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Коста-Рика Улсын Сан-Хосе хотноо болж буй тус улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн түншлэлийн байгууллага, Америкийн орнууд хоорондын хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй салбарын сайд нарын хуралд оролцож байна.

Уг хурал “Хэнийг ч орхихгүй” сэдвийн дор болж буй бөгөөд 59 орны сайд, засгийн газрын төлөөлөгч, 10 гаруй орны хувийн хэвшил, банк санхүү, олон нийтийн байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож, ус хангамж, ариун цэврийн байгууламж,  эрүүл ахуйн хүртээмж, тэгш байдлыг хангахад чиглэсэн арга зам, санхүүжилт, хамтын хариуцлагын механизмын талаар ярилцаж, туршлага, санал бодлоо солилцож байна.

БХБ-ын сайд Х.Баделхан Монгол Улсын ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, бодлогын баримт бичгүүд, сорилтуудын талаар өргөн хүрээний илтгэл тавьж, цаашдаа салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлснээр иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдэхийг онцлолоо. Энэ чиглэлд НҮБ-ын дээрх байгууллагууд санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ. 

 НҮБ-ын Хүүхдийн сан, Ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн түншлэлийн байгууллагаас “Тогтвортой хөгжлийн зорилт 6” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө боломжит бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 

НҮБ-ын дээрх байгууллага салбарын сайд нар, удирдлагад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт 6” хөтөлбөрт тавьсан зорилтын хүрээнд хүн бүрийг ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлөөр бүрэн ханган тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн зохистой бодлого, стандарт, арга хэмжээг авах замаар хүний эрхийг хэрэгжүүлэхийг уриаллаа. Ингэхдээ засгийн газрын байгууллагууд ус хангамж, ариун цэврийн байгууламжийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон, үүнтэй холбоотой эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад нийгмийн үйлчилгээг сайжруулах, татвар, тарифын талаар шийдлийг гаргаж ажиллахыг зөвлөсөн байна.  

Түүнчлэн улс орнууд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө дотооддоо болон гадаад орчинд олон улсын түвшинд түншилж хамтран ажиллахыг зөвлөөд дээрх байгууллагаас гаргасан хамтын хариуцлагын механизмийн загварчлалыг ашиглах нь чухал болохыг онцлов. 

Сайд Х.Баделхан Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030, “Ногоон хөгжлийн бодлого”-д туссан зорилт арга хэмжээ нь “Хэнийг орхихгүй байх” олон улсын стратегийн зорилтод нийцэж байгаа бөгөөд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө холбогдох арга хэмжээг авч, тодорхой төслүүд хэрэгжүүлж буйгаа Сайд нарын “Хэнийг ч орхихгүйгээр үйл ажиллагаандаа ахиц гаргах нь” хэлэлцүүлэг дээр онцлон тэмдэглэлээ.  

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen