21 ЖИЛ ЧИМЭЭГҮЙ ЯВСАН Б.БУЛГАН ХОХИРОГЧ УУ ЭСВЭЛ ГЭРЧ, ХАМЖИГЧ УУ

21 ЖИЛ ЧИМЭЭГҮЙ ЯВСАН Б.БУЛГАН ХОХИРОГЧ УУ ЭСВЭЛ ГЭРЧ, ХАМЖИГЧ УУ

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг гэрт нь хэрцгийгээр хөнөөснөөс хойш 21 жил өнгөрчээ.

Олон жил илрээгүй, алуурчин нь захиалагч нь олдоогүй энэ хэргийн учир зангилаа одоо л тайлагдаж магадгүй болоод байна.

Учир нь талийгаачийн амийг хохироосон хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэгт унагааж хүчээр ял үүрүүлсэн гэх ноцтой бичлэг нийгэмд дуулиан шуугиан тариад байна.

Тэднийг эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийн албан тушаалтнуудыг ч цагдан хорьсон байв. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүнэ гэдэг бол гэмт хэрэг юм.

Тиймээс хууль бусаар эрүүдэн шүүгдэж ял үүрч, улмаар ялаа эдэлж байгаа тэднийг хилс хэрэгт гэм зэмгүй буруутгагдсан хэмээн үзэж, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ялтнуудын ар гэрийнхнээс уучлалт гуйж, суллана гэдгээ ч мэдэгдсэн юм. Хэрвээ энэ үнэн бол гэм зэмгүй хоёр иргэний өмнө төр том нүгэл үлдсэн. Гэмээ цайруулсан ч тэдний өмнө төр, төрийн алба хаагч, хууль сахиулагчид төлж барахгүй өртэй, уучилж барамгүй нүгэл үйлдсэндээ гэмших ёстой. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгэм хаана байна.

Яагаад хүн алаагүй хүмүүсийг алсан мэтээр хэрэг хүлээлгэв гэдэг нь их асуудалтай эргэлзээтэй юм. Энэ хэргийн захиалагч хэн байв. Ямар хүмүүс хэргийг үйлдчихээд хэн нэгэн гэм зэмгүй хоёр хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хохироов. Хууль хяналтын байгууллагынханд энэ хэргийг эцэслэн шийдэж шийдвэрлэхийг яаравчилсан болохоос үнэн мөнийг олох талаар огт бодоогүй юм.

УЕПГ-аас “Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай адилхан байсан” гэж улайм цайм худлаа хэлж байв.

21 жил загас мэт дуугүй явсан Б.Булган тэгвэл яг хэн болох вэ. Анхандаа хохирогч болж явсан хүн дунд үедээ гэрч болов. Харин сүүлдээ хэргийн хамжигч болж, эрүүгийн хэрэгтэн болсон.

Уг нь яах аргагүй хэргийн гол гэрч болох С.Зоригтой зургаан жил хамтран амьдарсан Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй вэ. Гэрчийн мэдүүлэггүйгээр хэрэг шийдвэрлэсэн тохиолдол Монголд анх удаа гарсан.

18 жилийн турш таван засаг дамжсан энэ хэргийг шийдэгдсэн гэж үзвэл шударга бус болно. Магадгүй “Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй биш бололтой.

Захиалагчийг зарлаагүй байж, хэрэг хийсэн хүмүүсийг олж ялласан нь эцэстээ худлаа жүжиг болж хувирав.

Хэргийн гол гэрч байгаад сүүлдээ хамжигч болсон Б.Булган өдийг хүртэл чимээгүй байсаар. Түүнийг  жил тойрон хорьж, улсын баатар Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй зүйл энэ хэргийн гол зангилаа ч байж мэднэ.

Үнэндээ бол Б.Булган л бүгдийг мэднэ.  Б.Булганыг хоригдож байх явцад нэр бүхий УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр батлан даалтаар суллагдсаныхаа дараагаар төрийн ордноор ороод гарчээ. Тухайн үед Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтийн төлөө та нарыг бүгдийг чинь ална, Одоо Бат-Үүлийг ална” гэсэн хэмээн мэдүүлж байснаас өөр юу ч хэлээгүй гэдэг.

Хуулийн байгууллагад, тэр дундаа тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа Б.Булган юу бодож байгаа бол. Өнгөрсөн жилийн яг өдийд Тагнуулын ерөнхий газарт өмгөөлөгчийнхөө хамтаар мэдүүлэг өгч гарч ирсэн тэрбээр “Хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан. Бусад зүйлийг манай өмгөөлөгчөөс асуу” гээд сэтгүүлчдийг халдаагаагүй юм.

Учир битүүлэг, ээдрээ төвөгтэй, эргэлзээ зангилаатай энэ хэрэгт цор ганц гэрч бол яах аргагүй Б.Булган юм. 

Гэвч хэдхэн хоногийн өмнө экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийхдээ “С.Зоригийг алсан хүнийг нэг л хүн харсан. Тэр нь С.Зориг агсан өөрөө” гэж доромжилж даапаалсан агуулгатай зүйл хэлсэн нь олны дургүйг их хүргэсэн. Түүний энэ үг юу өгүүлнэ вэ. Юутай ч С.Зоригийн гэх хэрэг дахин задарч эхэллээ. Цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ. 
 
О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen