УИХ-ын гишүүд эрүүдэн шүүлтийн бичлэгт толгой сэгсрэх хэрэггүй байжээ

Өчигдөр С.Зориг агсны хэрэгт холбогдож ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж аймшигтай гэх үгийг олонд хүргэсэн. Үүний дараачаас эхэлж Монголд анх удаа л иймэрхүү эрүү шүүлт байгаа мэтээр олон нийт хүлээн авч зарим нэг байгууллагыг ажлаа хийхгүй байна хэмээн зэмлэхэд хүргэсэн юм. Тэгвэл энэ асуудал дээр голлон анхаардаг  Хүний Эрхийн Үндэсний Комиссоос /ХЭҮК/ өнгөрсөн хугацаанд нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулж байсан ч тухайн үед тэд энэхүү илтгэлийг нь авч хэлэлцүүлэх нь бүү хэл ямар ч хариу тайлбар өгөлгүй өнөөг хүрсэн хэрнээ өчигдөр паа, пүү хэмээсэн нь инээдтэй гэж хэлэхэд багадна. Хэрвээ УИХ-ын гишүүд ХЭҮК-орс танилцуулсан илтгэлд ач холбогдол өгсөн бол өнөөдр төр эргүүлэх хэмжээний хуулийн төсөл дэмжихгүй байсан нь лавтай. 

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг: ХЭҮК- оос эрүүдэн шүүлтийн эсрэг доривтой арга хэмжээ авахыг УИХ-аас хүсч байсан 

Тэрбээр "Эрүүдэн шүүлтийн асуудал өнөөдөр л яригдаж байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрж байна. Энэ тухай 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн анхаарч, ажиллаж, холбогдох илтгэлүүддээ хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчийн асуудлыг тодорхой тусгаж өгч байсныг УИХ-ын гишүүд өмнө нь уншиж байсан бол өнөөдөр тэд эрүүдэн шүүлтийг гэнэт ярьж буй мэтээр гайхаж хүлээн авахгүй байсан болов уу. Энэ асуудлыг гайхаж хүлээн авсанд харамсч байна.  НҮБ-ийн Тусгай илтгэгч Монгол Улсад 2006 онд долоо хоногийн хугацаанд айлчилсан. Энэ үеэр цагдан хорих ангид хүнийг 24 цаг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. НҮБ-ын Тусгай илтгэгч манай улсад айлчилсныхаа дараа “Монгол Улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитойгоор оршин тогтнож байна” гэдгийг тайландаа тусгасан. Энэ дагуу манай улсад зөвлөмж хүргүүлж байлаа” хэмээв.

Дээр хэлсэнчлэн Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн хугацаанд нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулснаас 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан аж. Харамсалтай нь, энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон гэж тус комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн юм.

Тэрбээр УЕПГ-ын дэргэд байсан энэ албыг үнэхээр шударга ажиллаж байсан гэдгийг тодотгосон. Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нь ҮАБЗ-д 2016 онд гомдол гаргаж байжээ. Уг гомдолд УИХ-ын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар гишүүдийн ярьсан зүйлтэй агуулга нь адилхан.  Б.Содномдаржаа өөрийг нь тамлан зовоож буй тухай бичсэн байсан аж. Үүнийг тус зөвлөлөөс Хүний Эрхийн Үндэсний Комисст шилжүүлэн өгсөн бөгөөд одоогоор нууцын зэрэглэлтэй тул олон нийтэд дэлгэх боломжгүй аж.

Юутай ч өнгөрсөн хугацаанд ХҮЭК ажлаа маш сайн хийж хүний эрх зөрчигдөж буйг УИХ-д олонтаа анхааруулсан ч тэд ойшоогоогүй байна. Тэгвэл энэ бүхний буруутан хэн бэ гэж хэнээс асуух вэ. 

Р.Саруул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen