Популизм хийхэд логик чухал шүү, Аюурсайхан гишүүн ээ?!

Популизм хийхэд логик чухал шүү, Аюурсайхан гишүүн ээ?!

Логик гэж учир зүйн шинжлэх ухаан бий. Улстөрчдийн хамгийн сайн судалдаг, эзэмшдэг шинжлэх ухаан л даа. Яагаад гэвэл сонгуулиас сонгуулийн хооронд харайлгахдаа, биелэлтгүй амлалтаа эвтэйхэн тайлбарлахад энэ шинжлэх ухаан туйлаас тустай юм.
Харин сүүлийн үеийн зарим улстөрч энэ шинжлэх ухааныг огт судалдаггүй аж. Ялангуяа, популизм хийх дуртай, бидний товчилж хочилдгоор “поп” гишүүдийн нэг Т.Аюурсайхан бол энэхүү учир зүйн шинжлэх ухаанаас тун холуур явж ирсэн бололтой.
 
Тэрээр сая Швейцарь яваад иржээ. Баасан гаригт эх орондоо ирэв. Ирэнгүүтээ нэгэн телевизэд очиж, бас цахим сүлжээгээр С.Баярцогтын талаарх мэдээллийг түгээж олон “лайк” цуглууллаа. Т.Аюурсайхан цахим хуудастаа “…Швейцарийн Холбооны улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008.9.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна” гэжээ. Үүнийгээ телевизээр ч ярьсан байна.
 
Гэтэл энэ асуудлыг АТГ аль хэдийнэ шалгаад, олон нийтэд мэдээлчихсэн байгаа юм. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “…Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналт дор шалгаж байна” гэсэн байдаг.
Мөн 2019 оны нэгдүгээр сарын 25-нд “…Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэрэгт Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт буюу тухайн компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан. Гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжсэний дараагаар хувьцаа үнэд орсон энэ үед тэрээр хувьцаагаа бусдад арилжаалж өөртөө давуу байдал олж авч, их хэмжээний ашиг олсон  үйлдэл тогтоогдсон. Хэргийг шалгах явцад тухайн хүнийг цагдан хорих үндэслэл тогтоогдсон учраас прокурорт танилцуулан шүүгчийн захирамжаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэж мэдээлсэн байгаа юм. Тэгэхээр эрхэм гишүүний “попорч” гүйгээд байгаа сэдэв хэдийнэ хуучирсан гэсэн үг.
Ер нь популистуудад нэг том алдаа байдаг юм. Нийгмээ мэдрэхгүй, бусдыг сонсохгүй. Зөвхөн өөрийгөө сонсож, өөрөөсөө таашаал авдаг гэдэг юм билээ.
Тиймээс Т.Аюурсайхан гишүүнд нэг зүйлийг онцгойлон сануулъя. Энэ популизм гэдгийг хийдэг улстөрчид логикийн шинжлэх ухааныг эрдэмт­ний төвшинд биш гэхэд сурах бичгийн хэмжээнд уншаад тогтоочихсон байдаг дэлхий нийтийн жишиг бий. Логик гэдэг чинь учир зүйн шинжлэх ухаан юм. Тиймээс энэ шинжлэх ухааныг жаахан судал. Бас сонин хэвлэл уншиж бай. Тэгвэл нийгмээ мэдэрнэ, бусдын дуу хоолойг сонсоно.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen