Ажилгүйчүүдийн 30 хувийг дээд боловсролтой иргэд эзэлжээ
ҮСХ-ноос энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны хоёрдугаар сарын эцэст 33.9 мянга, үүнээс 24.0 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 565 хүнээр, өмнөх сараас 381 хүнээр буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 мянга нь Улаанбаатарт, 6.2 мянга нь Хангайн бүсэд, 4.3 мянга нь Баруун бүсэд, 3.4 мянга нь Төвийн бүсэд, 2.5 мянга нь Зүүн бүсэд ногджээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 406 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 198 нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 2 дугаар сард ажилгүй 5.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 774 иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 645 хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 63 хүнээр тус тус буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 143 хүнээр нэмэгдсэн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны хоёрдугаар сарын эцэст 47.7 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр,доктор зэрэгтэй иргэд эзэлжээ.
Н.Нягт