Улс төрийн намууд авлигын "уурхай" хэвээр байх уу
Авлига, албан тушаалын наймааны улбаа улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Ил, далд хандив нэрээр намуудыг тэтгэж, эрх мэдэлд хүрэхэд нь өөрсдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргуулдаг жишиг бизнесийнхний дунд ч элбэг бий. Нөгөөтэйгүүр эрх мэдэлд хүртлээ тэтгүүлсэн улстөрчид олон нийтийн эрх ашгийг умартаж, тэтгэгчдээ өрөө төлдөг нь ч нууц биш. Ийм л байдлаар Монголын улс төр булингартаж, төрд итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт алсарч буй нь үнэн.
Иргэдэд жирийн нэг судлаачийн худал үг намын бэлтгэгдсэн боловсон хүчний үгээс илүү үнэн санагддаг болсноос намыг үнэлэх ард олны үнэлэмжийг мэдэж болно. Төрийн эрхийг атгах намын үнэлэмж ийм байхад төрийн үнэ цэнэ хэрхэн сайжрах билээ. Тиймээс ийм байдлыг халж улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгож, хяналтын системийг сайжруулан, бодлогын нам руу чиглүүлэх ёстойг эрх мэдэлтнүүд, улстөрчид хийгээд эрдэмтэн судлаачид ч онцолж буй.
Хэрвээ тэдний хэлж буйгаар үнэхээр намуудын санхүүжилт ил тод, хяналттай болж, бодлогын нам болон төлөвшиж чадвал улс төрөөс улбаалан нийгэм эрүүлжинэ. Гэхдээ шийдвэр гаргагчид гэлтгүй нам эвслийнхэн ярьж байгаа шигээ санхүүжилтээ ил болгохыг хүсэж буй нь эргэлзээтэй. Учир нь, намууд үзэл санааны хувьд санхүүжилтээ ил тод байлгахыг дэмждэг ч, ил болгох хүсэл сонирхолгүй байдаг аж.
Энэ тухай олон судалгаа гарсан байдаг. Тухайлбал, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс санаачлан “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэл” судалгааг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байна. Ингэхдээ улс төрийн намын удирдах албаны төлөөллүүдтэй уулзаж, асуулга тавихад тэд гишүүдийн татвар төлөлт, хандивын дүн, нийт санхүүжилтийн мэдээлэл өөрт нь болон жирийн гишүүдэд ч хаалттай байдгийг хэлжээ.
Улмаар судалгааны урьдчилсан дүгнэлтээр намуудад хариуцлага тооцох механизм байхгүй, намын гишүүдийн олонх нь татвараа төлдөггүй, хандивлагчаа нууцалдаг, санхүүжилтийг ил тод байлгахыг үзэл санааны хувьд дэмждэг ч ил болгох хүсэл, сонирхол байхгүй гэсэн байна.
Тэгвэл бусад улс оронд хандивыг хүлээн зөвшөөрдөг ч намын санхүүжилтээ олон нийтэд ил болгохыг хуульчилсан байдаг. Тухайлбал, АНУ-ын хувьд олон нийтийн хяналтын дор санхүүжилтээ ил тод болгоход тулгуурлаж, ард түмний мэдэх эрхийг онцолсон байна. Тиймээс тус улсын улс төрийн намууд хэнээс, хэдэн төгрөг авснаа олон нийтэд мэдээлдэг аж.
Мөн Улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах, олон нийтэд ил тод болгох хуулийн төслийг өнгөрсөн 2017 онд Испанийн парламент баталжээ. Ингэснээр улс төрийн намуудын санхүүгийн хэт хараат байдал арилж, авлига, хээл хахууль буурна гэж үзэж байгаа аж. Учир нь тус улсын ард иргэдийн намд итгэх итгэл сүүлийн жилүүдэд хурдацтайгаар буурсан бөгөөд улс төрийн нам гэдэг хамгийн их авлигад өртсөн байгууллага болон хувираад байжээ.
Манай хойд хөрш ОХУ ч бас ийм хуультай болсон. Думын гишүүн Анатолий Выборноор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны нэгдүгээр сард Намууд санхүүжилтийн эх үүсвэрээ тайлагнаж байх тухай хуулийн төсөл боловсруулж, өнгөрсөн арваннэгдүгээр сард Төрийн Дум баталж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд буй. Финланд, Франц, Грек, Латви, Австри зэрэг улсад тухайн намын парламентад авсан суудлын тооноос нь шалтгаалж, сонгуульд оролцоход Засгийн газраас санхүүжилт олгодог бол Герман, Нидерланд зэрэг улсад сонгогч, болон дэмжигчдээсээ намын санхүүжилтээ босгох ч дараа нь хэрхэн яаж санхүүжилт босгосноо ард түмэнд нээлттэйгээр тайлагнадаг байна. Харин Унгар Морокко, Серби зэрэг улсын хувьд сонгуулийн явцад шаардагдах намын төсвийг улсын төсвөөс гаргадаг байх жишээтэй.
Манай улсын хувьд намын санхүүжилтийг ил тод, хатуу хяналттай болгож, бодлогын нам төлөвшүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Гэхдээ хуулийн төслийг өнгөрсөн оны хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон ч ажлын хэсгийн түвшинд байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогоор хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт нэгэн ярилцлагадаа “Улс төрийн өндөр албан тушаалтнуудад хандив нэрээр авлига, шан харамж өгөх байдлаар өөрийн ажлаа бүтээдэг. Үүний цаана хууль бус үйлдлүүд гардаг явдал хавтгайрсан гэхэд болно. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, цэгцлэх вэ гэдэгт илүү анхаарч ажиллах ёстой.
Уг нь хуулийн хүрээнд сонгуулийн үеэр хувь хүн, хуулийн этгээд тэдэн төгрөгийн хандив өгч болно гэж зохицуулалт хийдэг. Гэсэн ч далдуур хандив босгох, сонгуулийн бус үед хандив, тусламж авах тохиолдол ч гардаг. Гэхдээ энэ нь ил тод биш. Энэ мэт асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь Улс төрийн намын тухай хуулийн төслийн гол зохицуулалт байх болно. Хандивын хэмжээ хэд байх, хэнээс авч болох зэргийг одоогоор хэлж болохгүй. Энэ талаар олон талын санал авч байгаа. Ажлын хэсгийн түвшинд ярилцаж, нэг мөр цэгцэлнэ.Хандивын хэмжээ зохицуулалтыг дараа нь тодорхой болгож болно. Хамгийн гол нь санхүүжилт, хандивыг олон нийтэд ил болгох нь чухал” гэсэн байдаг.
Харин хэзээ өргөн барьж, хэлэлцүүлэхийг тодорхой хэлээгүй ажээ.
НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗӨВ ҮҮ
УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж буй хуулийн төсөлд парламентад суудалгүй ч бусад сонгуульд амжилттай оролцсон бол санхүүжилтийг нь төрөөс олгох санал гаргаж байгаа талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Т.Аюурсайхан ярьж байсан. Ингэхдээ төрөөс санхүүгийн дэмжлэг олгосноор парламентад суудалгүй намуудын идэвхийг нэмэгдүүлэх, тэгш хандах зарчим үйлчилнэ гэдгийг онцолж байсан юм.
Зарим улстөрч ч намуудад төрөөс санхүүжилт олгосноор намын үйл ажиллагаа, санхүүг ил тод болгож, олон нийт хянах боломжтой болно гэдгийг хэлж байгаа. Харин нөгөө талаас намын санхүүжилтийг төрөөс олгох нь буруу гэдгийг зарим судлаач хэлж буй. Тухайлбал, СЭЗИС-ийн багш Б.Эрдэнэдалай “Төсвөөс санхүүжүүлэх нь шударга биш. Илүү хяналт тогтоох нь эргэлзээтэй. Хяналт нарийсах тусам санхүүжилт нь улам далд хэлбэрт шилжинэ. Монголд өнөөдөр ч гэсэн улс төрийн намууд тодорхой хэмжээгээр төсвөөс санхүүжилт авч байгаа. Гэхдээ олон нийтэд мэдээлдэггүй. Ард иргэд ч хянах гэж хичээхгүй байна” гэжээ.
Манай улсад ялгавартай л гэж хэлэхээс биш намуудад төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, УИХ-д суудал авсан намд УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1,000 төгрөгөөр тооцож, нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг хуультай. Үүнээс гадна УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам тухайн намд санхүүжилт олгохоор хуульчилсан.
Ингэхдээ энэ мөнгөний 50 хувийг гишүүдийн тойрогт зарцуулахаар заасан ч хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй. Нэг үгээр хэлбэл, УИХ-д суудалтай намууд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа ч олон нийт төдийлөн мэдэхгүй, мэдүүлэхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ нь намын санхүүжилтийн хяналтын тогтолцоо тааруу байгаатай холбоотой.
Уг нь намын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын газраас хяналт тавьдаг ч тухайн намаас гаргасан тооцоонд л шалгалт хийж буй нь үр дүнд хүрдэггүй байна. Тиймээс зөвхөн аудитын байгууллага гэлтгүй олон нийтийн хяналтад тулгуурлан намын санхүүжилтээ ил болгож хуулиа чангаруулах шаардлагатайг олон улсын жишээнээс харж болно. Бусад улс оронд хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан намуудаа сонгуульд оролцуулдаггүй жишиг бий. Энэ жишгийг ч нутагшуулахад буруудахгүй нь лавтай.
Ямартай ч улс орнууд хандив нэртэй авлигаас татгалзаж, улс төрийн намуудын төлөвшлийг бодлого руу чиглүүлэхийг эрмэлзэж байна. Харин манай улс төрийн намууд хэдийг хүртэл авлигын “уурхай” хэвээр байх вэ. Улс орон, ард иргэдийн эрх ашгийг бодож, улс төрийн намуудыг санхүүгийн дэгээс эхлэн зөв төлөвшүүлэх цаг болжээ.
Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН