Гялгар уутыг хориглох тогтоол хэрэгжиж чадах уу!
Өнөөдрөөс эхлэн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэллээ.
Манай улс сүүлийн гурван жилийн хугацаанд импортоор 16.6 тэрбум төгрөгийн нийлэг уут худалдан авчээ. Тодруулбал,
2015 онд 3 тэрбум 585 сая
2016 онд 7 тэрбум 311сая
2017 оны эхний 9 сарын байдлаар 4 тэрбум 655 сая төгрөгөөр гялгар уут худалдан авчээ.
Гэвч нийт хэрэглэсэн гялгар уутныхаа дөнгөж найман хувийг дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн нь байгальд хаягддаг байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улс орнууд нийлэг уутны хэрэглээг хязгаарласан хуультай байна. Тухайлбал, Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглох хууль тогтоомж болон татварын бодлого үйлчилж байна. Хамгийн сүүлд Кени улс нийлэг уут импортлох болон бусад тохиолдолд 40 мянган ам.доллараар торгох болон 4 жил хүртэл хугацаанд хорих хууль баталсан. Европын улс орнууд нийлэг уутны хэрэглээг бууруулах тал дээр хамгийн идэвхтэй ажиллаж тэмцэж байгаа аж. Анх 1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая байсан уутны хэрэглээг 400 сая болтол бууруулж чаджээ.
Харин Ирланд улсын хувьд 2002 оноос эхлэн хэрэглэгч нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд татвар төлж эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ. Мөн АНУ-ын мужууд нийлэг уутнаас татгалзах тус тусдаа хууль дүрэм журам гаргаад мөрдөж байна. Чикаго хот 2017 онд нийлэг уутаа 6 центийн үнэтэй болгосон байна. Түүнчлэн 2014 онд хамгийн анх Калифорниа муж нийлэг уутыг хориглож цаасан уут нэвтрүүлж байжээ. Бусад муж улсуудын хувьд нийлэг уутыг дахин боловсруулах, хориглох, татвар нэмэх зэргээр хэрэглээг бууруулахад анхаарч ажиллаж буй аж.
Тиймээс БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супермаркетуудын төлөөлөлтэй уулзаж дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг өнгөрсөн хугацаанд хүргүүлжээ.
Ямартай ч Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгож хяналт тавин ажиллах юм.
Тэгвэл бид гялгар уутнаас салах бүрэн боломж бий юу гэсэн асуулт байна. Ингэж хэлэхийн учир нь тогтоолд бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлана гэсэн нь хэрэгжихэд төвөгтэй. Өөрөөр хэлбэл, тогтоолын шийдвэрт хяналт тавьж ажиллах газрууд нь яг юуг үндэслэж хяналт тавьж ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Р.Саруул