Жилд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй МҮХАҮТ-ыг хэн удирдах вэ?
МҮХАҮТ-ын ээлжит 20 дугаар их хурал энэ сарын 28-нд болох тов зарлагдсан. Уг хурлаар ирэх дөрвөн жилд танхимыг удирдах хүн тодрох юм. Танхимын ерөнхийлөгчид дөрвөн хүн албан ёсоор нэр дэвшээд байна. Тодруулбал, МҮХАҮТ-ын одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн талаар товч танилцуулъя.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нь “Урбанек” компанийн үүсгэн байгуулагч, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн юм. Тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. Тэрбээр “Танхим бодлогын болон үйлчилгээний гэж хоёр янз байдаг. Үйлчилгээ дотор арбитр, гарал үүслийн гэрчилгээ, бизнестэй холбоотой үйлчилгээг үзүүлдэг 100 гаруй хүн бий. Тэгэхээр танхим зөвхөн бодлого ярьдаг биш, институтын хэмжээнд ажилладаг. Танхим жилд дунджаар дөрвөн тэрбум төгрөгийн төсөв баталдаг. Үүнийхээ 90 гаруй хувийг үйлчилгээнээс авдаг. Үлдсэн хувийг гишүүдийнхээ татвараар бүрдүүлдэг” гэв.
“UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нь танхимтай 20 орчим жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдөх гэж байгаа юм. Энэ тухайгаа тэрбээр хэлэхдээ "Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй" гэсэн юм. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институц болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байгууллага болгох зорилт тавьсан байна.
Харин "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тухайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч хэлсэн юм. Тэрээр “Сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотой унагаадаг болсон байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд бэхлүүлэн, ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна. Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэсэн.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан одоогоор мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа бөгөөд хүчтэй өрсөлдөгчийн нэг байх нь ойлгомжтой. Тэрбээр өөрийнхөө “овог” нь болсон “Буян” компанийнхаа үндэс суурийг 1987 онд тавьж өдгөө ноос, ноолуурын зах зээлд томоохон байр сууриа эзэлсэн нэгэн. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компанийг хөл дээрээ босгосон түүнийг бизнесийн гүйлгээ ухаан сайтай гэж ярих хүмүүс бий. Мөн сүүлийн үед сошиал орчинд улс төрийн байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон.
ЭХ СУРВАЛЖ:Iinfomongol.mn