МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

 

МҮХАҮТ гэх их айл маргааш тэргүүнээ сонгоно. Танхим нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3400 гаруй аж ахуйн нэгж гишүүнтэйгээр ажилладаг. Мөн дөрвөн жилд нэг удаа удирдлагын багаа шинэчилдэг юм. Энэ удаад МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал энэ сарын 28-ны өдөр товлогдсон. Энэ их хурлаар танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгоно. 

Энэ удаад МҮХАҮТ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм байна. Тэгвэл нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? 

НЭР ДЭВШИГЧ  Б.Лхагважав 

МҮХАҮТ-ын албыг хамгийн олон буюу 17 жил хашсан С.Дэмбэрэлээс “Урбанек”-ын гэгдэх Б.Лхагважав үүрэгт ажлыг нь хүлээн авч байв. Б.Лхагважавын хувьд “Урбанек”-ийн үүсгэн байгуулагч, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн. Тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. Тухайн үед танхимын даргаар Б.Лхагважавыг томилогдоход бизнес эрхлэгчид таатай хүлээн авч байв. Гэвч өнгөрсөн хугацаанд Б.Лхагважав тэдний хүлээлтэд хариу өгөхөөр гарт баригдаж нүдэнд харагдах үр дүнг үзүүлж ажилласангүй тухай шүүмжүүд хөвөрч байна. МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн гишүүнчлэлийн татварын мөнгөөр цалинждаг байгууллага.  Энэ ч үүднээс тэдний дуу хоолой болон ажиллах ёстой. Түүний хувьд ААН-үүдийг татвар төлөхгүй байх санаанд багтамгүй уриалгыг бизнес эрхлэгчдийн нэр барин уриалснаар өөрөөр гарт баригдаж нүдэнд харагдах ажил хийсэнгүй.  

НЭР ДЭВШИГЧ О.Амартүвшин 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд О.Амартүвшин даагаа нэхэхээр болсон байна. Түүний хувьд бизнесийн салбарт шаггүй амжилттай өсөж яваа нэгэн. Саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд ямар асуудлыг барьж авах вэ, гэх асуултад “Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадны сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө. Танхимын орон нутгийн салбаруудын бие даасан байдлыг хангахад онцгой анхаарч ажиллана. Маш олон механик үйлдлийг цахимжуулах ёстой. Үндсэн эрхийг орон нутгийн танхимууд руу өгөх хэрэгтэй. Гэх мэт хийх ёстой реформын шинжтэй олон өөрчлөлт бий” хэмээжээ. Түүнийг энэ удаад танхимын Ерөнхийлөгчийн албанд сонгогдох магадлалтай хэмээн эх сурвалжууд бичиж байна. 

НЭР ДЭВШИГЧ Ч.Ганхуяг

Сангийн сайд байхдаа талхны үнэ хэд болсныг мэдээгүйгээсээ болж нэг хэсэгтээ л бөөн хэл аманд орооцолдож байсан эрхэм бол Ч.Ганхуяг. “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг  Монголын оюутны холбооноос карьераа эхлүүлсэн нэгэн. Түүний хувьд УИХ-ын сонгуульд хүч үзэн өвдөг шороодож явсан түүхтэй. Харин одоо МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид хүч үзэх нь. Ч.Ганхуягийн хувьд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж ажиллах нэгэн биш гэх. Учир юу вэ гэвэл өнгөрсөн жилийн өдийд ААН, иргэдийг Биткойнд уриалан дуудаж, урвуулж оруулчхаад эцэст нь асуудал бишдээд эхлэнгүүт “Биткойноор ашиг олбол аз чинь, алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй” хэмээж олон нийтийн зэвүү дургүйг дээд цэгт хүргэж байв. Энэ маягаараа тэрбээр Танхимын удирдах эрхийг авбал ААН-үүдэд дээрх үгээ хэлээд хувиа борлуулж, довоо шарлуулаад алга болж мэдэх л хүн. 

НЭР ДЭВШИГЧ Б.Жаргалсайхан 

Сүүлийн үед цахим орчинд БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэлээд идэвхтэй байх болсон. “Буян” компаниар овоглосон Б.Жаргалсайхан бол бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан эрхмүүдийн нэгэн. Түүний хувьд энэ удаад бизнес эрхлэгчдийн энхийн манаанд зогсох МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхжээ. Харин олон нийт түүнийг энэ удаагийн сунгаанд  тийм ч хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орохгүй хэмээн таамаглаж байна. 

П.ГОО

Оллоо.мн

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen