Оргосон цэргүүд ар гэрийнхэндээ санаа зовж байна
Өнгөрсөн бямба гарагт Колумби руу оргон гарсан Венесуэлийн цэргүүд Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргааны дэглэм дор байгаа гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд санааж зовж байгаагаа “BBC” сувагт ярилцага өгөх үеэрээ мэдэгдэв.
“Ерөнхийлөгчид үнэнчээр зүтгэдэг албан хаагчид манай гэр бүлийнхэнд аюул учруулж болзошгүй гэдэгт санаа зовж байна. Гэсэн хэдий ч өөрийгөө хамгийн зөв шийдвэр гаргасан хэмээн бодож байна” гэж 23 настай цэрэг хэлжээ.
Венесуэлийн 100 гаруй цэрэг оргоод байгаагийн дийлэнх нь хүмүүнлэгийн тусламжийн улмаас бямба гарагт дэгдсэн сөргөлдөөний үеэр уг алхамыг хийсэн байна.
Ерөнхийлөгч Н.Мадуро хоол хүнс болон эм тарианы тусламж нэвтрэхээс сэргийлж, Бразил болон Колумбитай залгаа хилийн зам, гүүрийг хаахыг цэргийн албан хаагчдад үүрэг болгосон нь байдлыг улам хурцатгасан билээ.
Венесуэлийн хилийн шалган нэвтрүүлэх олон цэг дээр аюулаас хамгаалах хүчний ажилтнууд сайн дурынхны эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан бол эсэргүүцэгчид хамгаалалтын байрыг шатааж, цэргүүд болон цагдаа нар руу чулуу шиджээ.