Бодлогын гадна үлдсэн барилгын салбарын асуудлууд

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан сүүлийн хоёр жил хууль, журам батлуулах, шинэчлэн найруулах ажлыг гойд сайн хийлээ. Харин салбарын амин сүнс болсон асуудлуудаа бодлогын гадна орхиод байна.  

Тухайлбал, яамны өнгөрсөн оны ажлын тайлан, энэ оны хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалтыг харвал нэлээд хэдэн хуулийн төсөл, түүнийг дагалдах журмууд голлоно. Энэ дунд нь БНХАУын хөнгөлөлттэй зээлээр барих цэвэрлэх байгууламжийн төсөл, ипотекийн зээлийн журам гэх мэт чихэнд чимэгтэй хуруу дарам зүйлсийг нэрлэж болох юм. Харин шинэчлэн найруулж буй хуулийн тухайд Хот байгуулалтын хууль тэргүүтэй Газрын тухай, Газрын кадастрын, Газрын төлбөрийн, Геодези зураг зүйн зэрэг хууль багтжээ. Түүнчлэн Хот тосгоны ногоон байгууламж, Авто зогсоолын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарсан байна. Хууль батлуулах нь буруу биш ч хуулиас чухал зүйл энэ салбарт олон байлтай. Угтаа бол яамны гол зорилго хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлж, хүн амын эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх юм. Барилгын салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг гэдэг. Харин бусад судалгаагаар 60 гаруй мянга гэдэг тоо бий. Гэхдээ барилгын салбар улирлын чанартай байдаг тул ажиллагсдын тоог яг таг гаргахад бэрх юм. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн энэ салбарт ажиллагсдын тоо буурч байгаа нь салбарын голлон анхаарах асуудлын нэг болжээ.

Барилгын салбарт ажиллагсдын тоонд бодлогоор анхааръя

Сүүлийн жилүүдэд барилгын салбарт ажиллах залуусын тоо эрс багасч байгаа аж. Цаашид ч багасна гэсэн тооцооллыг салбарын байгууллагаас гаргажээ. Ажиллах хүчний хомсдлыг “Барилга.мн” төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх хоёр шалтгаантай гэв. Нэгдүгээрт, залуус гадаад руу ажиллах хүч болон явах болсон нь нөлөөлсөн байна. Албан бус мэдээллээр гадаадад манай 150 гаруй мянган иргэн байдаг. БНСУ-д гэхэд л Монгол Улсын 49300 иргэн ажиллаж, амьдарч байна. Жил ирэх тусам тус улсыг зорих Монгол иргэдийн цуваа нэмэгдэж байна. 2014 онд Монголын 64.9 мянган иргэн БНСУ-д зорчих виз авч байсан бол 2017 онд 108.1 мянга болж өсчээ. Энэ нь тус салбарын ажиллах хүчинд нөлөөлж байгаа аж. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт ажиллах сонирхол болон тус салбарын хөрөнгө оруулалттай холбоотой байгаа юм. Мөн уул уурхайн салбарынхны цалин өндөр байдаг нь мөн нөлөөлсөн байна. Энэ асуудалд бодлогоор анхаарахгүй бол нэг л мэдэхэд манай улс залуусын орон гэгдсэн атал Япон шиг ажиллах хүч импортлох нь. 

Барилгын материалын үнийн өсөлт орон сууцны үнэ “хөөрөхөд” хүрнэ

Үүнээс гадна барилгын компаниуд хийгээд орон сууцанд орох хүсэлтнүүдийн боломжийг хязгаарлахад нөлөөлөхүйц бас нэгэн эрсдэл нь барилгын материалын үнийн өсөлт юм. Ам.долларын ханштай өсөлтийг холбон тайлбарлах хэдий ч түүнийг дагах орон сууцны үнийн өсөлтийг барих боломжийг ярих хүн алга. Манай улсад барилгын материалын 700 гаруй үйлдвэр бий. Тэр тусмаа цементийн хэрэглээгээ дотооддоо хангаж чаддаг болсон. Гэвч цементийн үнэ жилд 10 хувиар өсдөг. Түүхий эдийн үйлдвэрлэл нь ам.долларыг дагаад өссөн хэмээн учирладаг. 2017 онд 250 мянган төгрөг арматурын үнэ 2018 онд 800 мянган болсон баримт ч бий. Манай улсын дотоодын төмрийн үйлдвэрүүд хумигдсаар арматурын төмрийг манай улс 100 хувь импортолдог болсон. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үнийн савлагаанд ийнхүү өртөх эрсдэл үүссэн хэрэг. Мөн барилгын гол материал болох хайрга, дайрганы үнэ Туул голын сав дагуу буюу хотын ойр орчим ажилладаг хайрга олборлох үйлдвэрүүд хаагдсантай холбоотойгоор жил бүр өсдөг. Үүнээс болоод хайрганы олдоц ч багассан. Тиймээс хайргыг холоос тээвэрлэх шаардлага тулгарч буй тул тээврийн зардлаас шалтгаалан үнэ нь нэмэгддэг юм. Ингэхээр өнөөдөр доод үнэ нь ам.метр нь 1.4 сая байгаа шинэ орон сууцны ханш хэд хүрэхийг таашгүй. 

Салбарын идэвхжил үр дүнгүй зүйлд шингэнэ

Манай улсын барилгын салбар сүүлийн арав гаруй жил эрчимтэй хөгжсөн. Гэвч бусад салбарын адилаар эдийн засгийн саармагжлаас шалтгаалан сүүлийн хоёр жил доголдоод байсан юм. Чанаргүй, хулхи, ажилчдынхаа цалинг өгдөггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахидаггүй зэрэг болохгүй бүхэн энэ салбартай уялддаг байсан цаг ард үлдсэн ч эргээд бодлого дутуугийн улмаас тогтворжоогүй зүйл олон. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2017 оны аравдугаар сарын 19 буюу сайдаар дэмжигдсэн өдрөө “Ипотекийн зээлийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалт босгох, зээлийн хүрээг өргөжүүлэх, түүнчлэн ахмадууд, залуучууд, багш, эмч нарыг орон байртай болгоход анхаарна. Мөн хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодит ажил хэрэг болгох, барилгын салбарын лиценз, тусгай зөвшөөрлийг цэгцэлж хүнд суртлыг арилгах, гэр хороололд бичил төвүүд байгуулах замаар инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрдүүлэх, хотын шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллана” гэж байв.

Хууль, эрх зүйн орчинд анхаарах амлалтаа давуулан, хэтрүүлэн хэрэгжүүлж байна. Гэвч зах зээлээс хахсан хар мянган барилгын компаниуд дотоодын зах зээлээ хангахгүй, дэмжлэггүй барилгын материал үйлдвэрлэгчид, зах зээл дэх сул орон сууцны эрэлт нийлүүлэлт, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн эрэлт гээд нэн тэргүүнд зохицуулах асуудал олон байлтай. Дурдахад, өдгөө барилгын тусгай зөвшөөрөлтэй зургаан мянга орчим компани бий. Үүний 1000 нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Хууль, журам ярьсаар гэр хорооллын дахин төлөвлөлт нь явдаггүй. Түрээсийн орон сууцыг хувьчлахтай холбоотой иргэдэд нэн чухал хөтөлбөр, ажлууд нь “хөлдсөн” мэт. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд 20 мянган өрхийг хамруулах тухай тусгасан байдаг. Ингэхийн тулд 1.3 их наяд төгрөг шаардлагатай гэх. Гэвч өдгөө 82.3 тэрбум төгрөгийг нь Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байтал 1500 гаруй өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна. Энэ нь зорилт хангалтгүй байгааг хангалттай илтгэх баримт. Түрээсийн орон сууцыг хувьчлах асуудлыг ТОСК-аас боловсруулан яам руу шилжүүлсэн гэдэг ч яам судалж дуусаагүй гэдэг хариултыг өгөөд удаж буй. Харин барилгын салбарын бүтээн байгуулалт, идэвхжил нь үр дүнгүй хэдэн байшинд шингэж байгааг энэ оны төсвөөс бэлхнээ харж болно. Өнгөрсөн онд тус салбарт улсын төсвөөс 80.3 тэрбум төгрөг тусгасан. Гадаадын зээл тусламжаар 21 аймагт 41.4 тэрбум, нийслэлд 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгвэл энэ онд улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламжийн 752 тэрбум төгрөгийн 515 төсөл шинээр эхлүүлнэ. Үүнээс465.2 тэрбум төгрөгийн 362 төсөл, арга хэмжээ өмнөх онуудынх аж. Мөн энэ оны хөрөнгө оруулалтын зардлын дийлэнх буюу 85.3 хувийг барилга, байгууламжид зарцуулахаар болсон юм. Гэхдээ энэ нь нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл биш сумын Засаг даргын байр мэт цахилгаан зэрэгт урсгал зардал үрэх байгууламжууд юм. 

EAGLE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen